Wednesday, October 21, 2009

Хэнд хэдийд ямар цэцэг бэлэглэх вэ?

Бэлгэнд бэлтгэсэн цэцгийг бусдын нүднээс нууж, тоос шороо, нарны туяа, хүйтэн, халуун гараас хамгаалахын тулд дандаа цаасанд боож авч явах ба бэлэглэхийн өмнө боодлыг авна. Хаалгаар орохын өмнө хонгилд эсвэл үүдний өрөөнд баглааны цаасан боодлыг авч ширээн дээр эвхэж тавих ба эсвэл өөрийнхөө халаасанд хийнэ. Харин гялгар боодлыг авахгүй байж болно.

  • Нярайлсан эхэд ямар цэцэг бэлэглэх вэ?
Нярайлсан эхэд баярт үйл явдлыг тохиолдуулан хамгийн гоё чамин цэцэг бэлэглэнэ. Хамгийн тансаг бас тухайн хүний дуртай цэцэгсийг олохыг хичээх хэрэгтэй. Харин голт бор, хонхлой, лиш зэрэг хурц үнэртэй цэцгүүд толгой өвтгөж болох учир эмнэлэгт хэвтэж буй хүнд бэлэглэх нь зохимжгүй.
Охин төрсөн бол ээжид нь ягаан эсвэл улаан өнгийн (анхилуун хорхиног, хагас дэлбээлсэн сайн чанарын сарнай, фрезия г.м.) цэцэг,
Хүү төрсөн бол хөх эсвэл ягаан хөх (нил, хорхиног, хонин зангуу, анемон зэрэг) өнгийн цэцэг,
Харин ихрүүд төрсөн тохиолдолд ижил баглаа бэлтгэж бэлэглэдэг жамтай аж.
  • Төрсөн өдрийн бэлэг
Хүүхдийн төрсөн өдөрт ширээн дээр насны тоогоор нь өнгөтэй лаа тавихаас гадна бас тийм тооны цэцэг бүхий баглаа бэлдэнэ. Алагласан цэцгүүд жижигхэн хөгжилтэй баглаа, хурц тод өнгийн хавтгай ваар, мөн гоёмсог боодолтой хурц туузаар чимсэн баглаа хүүхдийн сэтгэлд илүү тохирно. Баярын ширээн дээр жижигхэн алаг цэцгэн титэм (сүлжсэн цэцэг) тавьж болно. Мөн какао, ундны тавиурыг (поднос) сүлжсэн цэцгээр чимвэл гоё харагдана.
Харин насанд хүрсэн хүнд дуртай цэцгийг нь бэлэглэвэл дээр. Гэхдээ цаг хугацаа, улирал, худалдаанд байгаа цэцгийн төрөл зүйл, төрсөн өдрөө тэмдэглэх гэж буй хүний нас, дур сонирхол, түүнд өөрийн чинь хандах хандлага харьцаа гэх мэт олон зүйлийг тал талаас нь эргэцүүлэн бодож байж сонголт хий.
Залуу бүсгүйд ягаан эсвэл улаан сарнай, эмэгтэйд дэлбээгээ нээсэн сарнай эсвэл хадаасан цэцэг бэлэглэнэ. Төрсөн өдрөө тэмдэглэж буй хүнийг хир дотно сайн мэдэхээс цэцгийн сонголт ихээхэн хамаарна.
Алдартай, олны танил болсон хүнд төрсөн өдрийг нь тохиолдуулан цахирмаа, антурия цэцэгс бэлэглэвэл хамгийн их хүндэтгэл үзүүлсэнд тооцогдоно. Үнэтэй цахирмааг утаат болор чамин вааранд хийж бэлэглэхэд буруудахгүй. Мэдээж цэцэг авахад бусад бүх бэлгийн нэгэн адил чиний санхүүгийн боломж нөлөөтэй. Хээрийн цэцгээр сайхан үзэмжтэй баглаа бэлдэж бэлэглэх нь төрсөн өдрийн баяраа тэмдэглэж буй хүнд их дотно байгаагийн илрэл болно.
Харин ахимаг насны хүмүүст амархан хатаж хорчийдог таримал цэцэг бэлэглэснээс гоёлын эсвэл тасалгааны цэцэг бэлэглэх нь илүү таашаагддаг.
Сүй тавих ёслолд бүх төрлийн маш чамин, гоёмсог цэцэг сонгоно. Сүй тавих ёслолд албан ёсны эсвэл хөгжилтэй энгийн баяр болохын аль вэ? гэдгээс хамаараад цэцгийн баглааг сонгоно. Ямарч хэлбэр, дүрстэй цэцэг байж болох боловч хэт эрээн мяраан, эрс тэс ялгаатай цэцгийг нэг баглаанд боож болохгүй. Уран шилбэтэй шар сарнай, цагаан болон ягаан хадаасхан цэцэг, ягаан сарнай, хожгор бужуу, хөх ягаан голт бор, мөн цахирмаа зэрэг цэцгүүд энэ баярт бүх талаараа таарна. Дээрээ хатгууртай хавтгай ваар, эсвэл дотроо цэцэгтэй төрөл бүрийн ваар ч байсан болно.
  • Хуриманд
Хуримлаж буй хосуудад цэцэг сонгоно гэдэг амаргүй ажил. Залуу хосуудтай ямар харьцаатай байхаас хамаараад энгийн нэг баглаанаас маш нарийн зохиомжтой цэцгийн эвлүүлэг хүртэл бүхий л төрлийн цэцэг бэлэглэж болно. Хуримын ёс жаяг ямарч байсан, цаг үеийн хувцасны загвар хүсэл сонирхлыг дагаад хичнээн хувирдаг ч цэцэггүй сүйт хүүхэн гэж хэзээ ч байддаггүй. Урьд голдуу ягаан эсвэл цагаан өнгийн (нэг л өнгийн) цэцэг сонгодог байсан бол одоо хадамлаж буй бүсгүй олон төрлийн өнгө бүрийн цэцгийг үзэмжтэйгээр хослуулан баглаа болгож барьдаг болжээ. Энд ганцхан л ерөнхий зарчим байх ёстой: чиний сонгосон цэцгийн баглаа тухайн цаг үетэйгээ, чиний өмссөн гоёлтой, цугларсан, уригдсан хүмүүсийн баярласан хөөрсөн уур амьсгалтай зохицож байвал болох нь тэр. Заавал үнэтэй цэцэг байх ч албагүй. Гол нь хадамлаж буй бүсгүйн нас, гадаад хэлбэр галбир, мөн хуримын даашизны өнгө, урт богиноос хамааран цэцгийн баглаагаа сонгох нь зүй. Намхан нуруутай, турьхан биетэй бүсгүй хэт том, саглагар баглаа, эсвэл хэт том ширхэгтэй цэцэг барьж болохгүй. Харин багатар, гэхдээ тун чамин хийцтэй, ердөө л 2 хуруундаа барьж болохоор тийм баглаа, эсэл сагстай цэцгийн баглаа баривал илүү зохимжтой. Ийм тансаг гоёмсог сагстай цэцгийн баглаа залуухан бүсгүйчүүдэд илүү сайхан харагддаг.
Өндөр нуруутай том биетэй бүсгүйд түүний тохой хүртэл урт унжсан нилээн том баглаа сайхан харагдана. Урт иштэй цэцгүүд байх ба баглааны хүндийн төв нь сүйт бүсгүйн гар дээр таарч, харин цэцгүүд нь бага зэрэг доошоо унжиж байхаар тааруулан сонгоно. Сүйт бүсгүйн барих баглааг голцууу хоёр янзаар бэлдддэг: нэг нь “герман” маягийн баглаа ба энэ нь хэмжээгээрээ урт байна, нөгөө нь “англи” маягийн баглаа бөгөөд ургамал, чимэглэл нь хоёр тийшээ хуваагдан саглайсан хэлбэртэй байна. Мөн швед маягийн дугуй хэлбэрийн баглаа гэж байх боловч үүнийг хүмүүс тэр бүрий сайн мэдэж хэрэглэдэггүй. Энэ баглааг голцуу зуны нарлаг өдөр болж буй хуримд зориулж хээрийн алаг цэцэг, тариан залаа, түрүүг эвлүүлэн торгон тууз, эсвэл өнгийн тороор боож чимэглэн бэлддэг.
Сүйт бүсгүйд зориулсан цэцгийн баглааг бэлтгэх талаар өөрийн саналыг хуримлагч хосууд урьдчилан цэцгийн дэлгүүрт мэдэгдсэн байх ёстой. Дэлхийн олон улс оронд сүйт бүсгүй хуримын ёслолын үеэр толгойдоо ногоон мөчир (нэг ишнээс салаалсан) тавьж, энгэртээ мөн тийм мөчрийг энгэрийн зүүлт хэлбэрээр хаддаг. Харин хуримлагч залуу бүсэндээ мөн ногоон мөчир зүүдэг ажээ.
  • Хуримын өдөрт
Жил бүр хуримласан өдрөө тэмдэглэдэг хосуудад бие биедээ хайр хүндэтгэлээ илэрхийлэх сайхан боломж гардаг. Энэ өдөр нөхөр нь эхнэртээ дуртай цэцгийг нь (улаан сарнай, хонин зангуу, нил, цахирмаа г.м.) эсвэл хуриман дээр барьж байсан баглааг нь зориуд бэлэглэвэл тун сайн. Мөн чимэглэлийн зориулалттай таримал ургамал ч бэлэглэж болно.
  • Түүхт ойг тэмдэглэх
Аливаа ойн баярт заавал цэцэг байлцдаг заншилтай. Байгууллага, хамт олон, эсвэл хувь хүний амьдрал, уран бүтээлийн тодорхой үеийг тэмдэглэхдээ цэцгийн баглаа, цэцэгтэй сагс эсвэл хавтгай ваартай цэцгийг сонгон авч болно. Ой тэмдэглэж буй хүн, байгууллагатай өөрөө чухам ямар харьцаатай байдаг, мөн чи сонгосон цэцгэндээ яаж ханддагаас таны бэлэглэх цэцгийн баглааны үнэ цэнэ хамаарна.
Үзүүлэх тоглолт, өдөрлөгт чамин хийцтэй, энхрий зөөлөн цэцэг бэлэглэдэг. Үүнд зөөлөн өнгийн бүхий л төрлийн жижиг алаг цэцгүүд, мөн буйлс эсвэл интоорын цэцэглэсэн мөчрүүд байж болно.
  • Баяр ёслолын өдөрт
Цаг улирал, болж буй баяртай уялдан худалдаанд байгаа цэцгээс сонголт хийж, хүндэтгэлтэйгээр чимж бэлэглэнэ. Хавар эрт ургадаг цэцгүүд, мөн хавтгай вааранд тарьсан цэцэглэгч ургамалуудыг албан газар, нөхөр ба хүүхдүүд хамт ажилладаг бүсгүйчүүдэд, эхнэр, ээж нартаа, ихэнхдээ өөр бэлгийн хамт хүндэтгэл үзүүлж барьдаг.
Багш нарын баяраар шавь нар нь заавал хадаасхан, сарнай, цахирмаа зэрэг цэцэг бэлэглэх албагүй. Хүүхдүүд өөрсдөө тарьсан сайхан эвлүүлж боосон ямарч цэцгийн баглаа багшийг тань хэзээд баярлуулах болно.
Баяр, уулзалтанд зарим нэг сонирхолтой хэлбэр маяг оруулж болохыг зөвлөе. Тухайлбал, зочноор ирсэн хүн бүр тусгай бэлдсэн хоёр савнаас цэцэг сонгон авах ба ижил төрлийн цэцэг сонгосон хүмүүс (эрэгтэй эмэгтэйгээрээ) хослон сууж, бүжиглэж, энэ баярын оройг хамтдаа өнгөрүүлж болно.
  • Эмнэлэгт хэвтэж буй хүнийг эргэхдээ
Эмнэлэгт буй хүнд цэцэг бэлэглэхэд эмнэлэг, сувиллын түгшүүртэй уур амьсгал зөөлөрч, сэтгэл санаа өөдрөг болохоос гадна өвчтөнтэй дотно харьцахад цэцэг таатайгаар нөлөөлнө. Харин голт бор, лиш, хонхлой цэцэг гэх мэт хурц үнэртэй цэцэг өвчтэй хүний өрөөнд байж болоохгүй. Учир нь өвчтөн эмзэг, амархан өртөмтгий байдаг тул өдөржин ийм хурц үнэр үнэртвэл толгой нь өвдөж болзошгүй. Мөн зай эзэлсэн хэт том, нүсэр баглаа бас зохимжгүй байдаг. Ер нь энхрийхэн тод, чамин хэлбэртэй цэцэг хамгийн сайн тохирно. Гэхдээ цагаан, улаан өнгөнөөс зайлхийсэн нь дээр. Учир нь цагаан өнгө хэт үлбэгэр, харин улаан өнгө эмнэлгийн орчинд хэт авцалдаагүй. Заримдаа цэцгээ тохирсон ваартай нь хамт авчирвал зүгээр байдаг, ялангуяа хажуудаа цэцэг тогтоогчтой эсвэл бариултай хавтгай вааранд хийсэн цэцэг өвчтөний орны дэргэдэх шүүгээг тун өвөрмөц чимэглэнэ. Энэ тохиолдолд ч гэсэн тухайн уулзалтын дүр төрх, өвчтөн та хоёрын харьцаа, түүний дур, сонирхлыг чи хэрхэн яаж хүлээж авдаг зэрэгтэй чиний сонгосон цэцгэн баглаа тохирч байх ёстой.

No comments:

Post a Comment