Wednesday, October 21, 2009

Монгол, Хятадын харилцааны шинэ жаран эхлэх гэж байна

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Намын сахилга батыг хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Хэ Гуоцян Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний хэлэлцээний танхимд зургадугаар сарын 25-нд бараалхав.

Тэрээр БНХАУ-ын дарга Ху Жинтао, Ерөнхий сайд Вэн Зябао нарын мэндчилгээг уламжлаад Монголд анх удаа айлчлахад найрсгаар хүлээн авч буйд талархалаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газрын урилгаар айлчилж байгаад баяртай байна. Монгол оронд тавтай морилно уу гэж Ерөнхий сайд С.Баяр хэллээ.

Хоёр орны харилцааг хөгжүүлэх, түүний зэрэгцээ улстөрийн намуудын харилцааг өргөжүүлэх нь чухал билээ. Энэ өдрүүдэд ӨМӨЗО-ны ардын засгийн газрын тэргүүн Баатар тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж байна. Манай хоёр орны харилцааг харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа гэж ойлгодог. Монгол, Хятадын харилцаа жилээс жилд, сараас сард өргөжин хөгжиж байна. Би одоогоос хоёр сарын өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябаогийн урилгаар айлчилж, Баоагийн чуулга уулзалтад оролцож, хоёр орны харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх боломж олдсонд баяртай байна. Хятад улс бол Монголын гадаад худалдааны хамгийн том түнш юм. Өнөө жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил болж байна. Энэ ойг хоёр орон амжилт бүтээлээр угтаж байгаад баяртай байна.

2008 онд хоёр орны худалдааны эргэлт 2.5 тэрбум ам долларт хүрлээ. Мөн Монголд Хятадын 5000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж , 1.6 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн нэгэнт тохиролцсон томоохон төслүүдийг ажил хэрэг болгоход хоёр талаасаа анхаарч шийдвэрлэх зүйлүүд багагүй байна. Иймд хоёр орны харилцаанд тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд таны айлчал чухал ач холбогдолтой билээ. 20 сая юаны буцалтгүй тусламж шинээр олгож буйд талархаж байна.

No comments:

Post a Comment