Wednesday, October 21, 2009

Ухаантай болох 9 арга

Сэтгэлзүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ.

1. Их юм бичиж бай
Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй.

2. Хором бүрийг ашигтай өнгөрөөхийг хичээ
Жишээ нь, та хэн нэгнийг хүлээж байгаа ч юм уу, зүгээр л явган зугаалж байхдаа радиогоор хэрэгтэй мэдээлэл сонсон цагийг ашигтай, өгөөжтэй өнгөрөөж болно. Хүн жилд дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд өнгөрөөдөг аж. Энэ их цагийг уншиж, сонсч өөртөө ашигтайгаар өнгөрүүлснээр таньд л тустай.

3. Их тоглож бай
Зарим үед маш энгийн логик тоглоом ч бидний ой санамж, сэтгэн бодоход маш сайн дасгал болж чаддаг. Компьютерийн олон тоглоомууд (мэдээж тохирсон хязгаартай) танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг. Бүгдийн мэдэх тетрис логик сэтгэлгээ, ой ухааныг хөгжүүлнэ. Эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ ч мөн адил.

4. Цусны эргэлтээ сайн анхаар
Цусны эргэлт муудах нь оюун ухаан муудах нэг шалтгаан болдог. Хэрвээ та удаан хугацаагаар нэг газар, нэг байрлалд байх шаардлага гарвал аль болохоор олон удаа бага зэргийн завсарлага авч, гар, хөлөө хөдөлгөж байхыг хичээ. Иймэрхүү хөнгөхөн дасгал цусны эргэлтийг сайжруулна.

5. Гадаад хэл сур
Хэрвээ та саруул ухаан, сайн ой санамжаа хадгалж байхыг хүсвэл хөгширсөн ч гэсэн гадаад хэл сурахыг өөрийн хобби, өдөр тутмын хэрэгцээ болго. Хэдий өндөр насыг насалсан ч гадаад хэл сурч эхэлсэн хүний оюун ухаанаа төвлөрүүлэх, аливаа зүйлийг санах чадвар нь нэмэгддэг.

6. Авсан мэдээллээ бусадтай байнга хуваалц
Аливаа зүйлийг өөрийн болгох хамгийн шилдэг арга нь бусдаас сурах. Хэзээ ч хүрсэн амжилтдаа сэтгэл ханаж болохгүй, байнга л өөрийгөө боловсруул. Олж авсан мэдлэгээ тэр даруй бусадтай хуваалцаж бай. Өөртөө болон бусдад дэлхий ертөнцийг нээж өгснөөр та оюун ухаан, ой санамжаа хөгжүүлэх дасгал хийж байна.

7. Зөв унтахад анхаарлаа хандуул
Хүний биеийн болон оюун ухааны чадамж хүний зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг. Байнгын дутуу нойртой явснаас хүний сэтгэн бодох чадвар буурч, ой санамж мууддаг гэдэг нь бүгдэд тодорхой болсон. Архаг нойргүйтэл нь хүний уран бүтээл хийх онгодыг үгүй болгодог. Нойр дутуу хүн энгийн механик ажлаас өөр юу ч хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

8. Холестириний хэмжээгээ хяна
Хүний бие махбодид холестириний гүйцэтгэх үүрэг асар их. Оюун ухааны чадвар, ой санамж, мэдрэлийн системийн ерөнхий байдал цусан дахь холестиринээс ихээхэн шалтгаална. Холестирин ихэдсэнээс зүрх, судасны систем гэмтэж, энэ нь цусанд нөлөөлж тархины хүчилтөрөгчийн хангамж буурдаг. Үүнээс болж тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис багасч, ой санамж асуудалтай болж, оюун ухаанаа төвлөрүүлэх чадвар буурна.

9. Хоол хүнсэндээ аль болох төмөр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэ
Төмөр тархины үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгч ирэх замыг засч өгдөг. Төмөр дутагдсанаар тархины идэвхийг эрс бууруулдаг аж. Хамгийн сайн төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэвэл тугал, тахиа, хонины шарсан элэг, хонины шарсан бөөр, нунтаг какао, өндөгний шар, хясаа, хушны самар, нэрс, үзэм, тоор, сардин загас, шоколад, шарсан дэгдээхэй, чанасан вандуй, шош гэх мэт орно.

Энэ жагсаалтыг гаргагчид бидэнд оюун ухаанаа хөгжүүлэх гайхамшигтай арга замыг зааж өглөө. Одоо бид энэ бүгдийг "ухаантай" хэрэгжүүлэх л үлдэж байна.

No comments:

Post a Comment