Wednesday, October 21, 2009

2016 оны зуны олимпийн нийслэл Рио де Жанейро

Рио де Жанейро хотынхон баяр хөөрт умбаж байна.

Данийн Копенгаген хотноо ОУОХ-ы 121 дэх хурал, 13 дахь конгрессоор 2016 оны олимпийг зохион байгуулах хотыг ерөнхийлөгч Жак Рогге зарлалаа. Тунан үлдсэн дөрвөн хотоос хамгийн түрүүнд Чикаго хот хасагдав. Чикаго хотыг олимпийн эрх авахуулахыг төлөө Барак Обама тэргүүтэй том лобби бүлэглэл ирсэн. Гэвч эхний шатнаас бүдрэв. Үнэхээр сенсаци боллоо. Олон хүн Чикагог ялна гэдэгт итгэлтэй байсан. Чикагогийн энэхүү ялагдлын гол шалтгааныг санхүүгийн төлөвлөгөөг тааруу гаргасан гэж хүмүүс үзэж буй бол зарим хүмүүс Барак Обаматай холбож байна. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч гэргийн хамт Данийн Копенгагенд өөрсдийн унаган нутаг Чикагог сурталчлах гэж ирсэн ч хэдхэн цаг саатсан байна. Хэдхэн цаг саатаж, дүн гарахаас өмнө хурлын танхимыг орхин нутгийн зүг нисчээ. Энэ нь уг хурлын хүндлээгүй, эх орноо, хотоо сурталчлахад хэлбэр төдий оролцсон хэмээн буруутгагдах үндэс болж байна. Үүнээс болж Чикагогийн рейтинг унасан хэмээх хүмүүс байгаа юм.

Хоёр дахь шатанд лобби муу ажиллаж байсан Токио хотынхон хасагдаж Мадрид, Рио де Жанейро хотууд үлдлээ.

Санал хураалтын өмнө Бразилийн ерөнхийлөгч Лула нийт гишүүдэд хандаж “Тропикийн бүсэд олимпийн бамбар бадамлах цаг нь боллоо” хэмээн мэдэгдэж, хотынхон нь бэлэн байгаа тухайг бүх гишүүдэд танилцуулсан юм.

Хуан Антонио Самаранчийн хүү бага Самаранч шигшээ хүртэл хотоо явуулж чадсан ч ялагдлаа. 3 олимп дараалж нэрээ дэвшүүлэн эрхээ авч чадсангүй ээ, Мадрид. Испаний хаан, хатан, хөлбөмбөгийн супер од Рауль гээд л нөлөө бүхий хүмүүс ирсэн.

Дугтуйг Рогге задалсны дараа Рио хот баяр хөөрт умбаж, Пеле нулимсаа барьж чадсангүй. Тэр хэдийгээр тамирчны хувиар олимпод оролцож үзээгүй боловч олимпийг зохион байгуулах эрхийг хот нь авахад чухал нөлөөг үзүүлж чадлаа.

Ийнхүү ЗУНЫ ОЛИМПИЙН 31-р НААДАМ РИО де ЖАНЕЙРО хотод зохиогдохоор боллоо. Өмнөд Америк тивд анх удаагаа олимп болно. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ мөн Бразилд болох билээ. Хоёр жилд хоёр удаа хүн төрөлхтний баяр Бразилд болох нь ээ. Яг иймэрхүү тохиолдол 1990-ээд онд АНУ-д болж байсан юм. 1994 онд хөлбөмбөгийн ДАШТ болж, 1996 онд Атлантын алтан олимпийг мөн өлгийдэн авч байсан ажгуу.

Санал хураалт:

Нэгдүгээр үе: Мадрид 28, Рио 26, Токио 22, Чикаго 18

Хоёрдугаар үе: Рио 46, Мадрид 29, Токио 20

Гуравдугаар (сүүлийн) үе: Рио 66, Мадрид 32

Цаг хугацааны хураангуй:

- 2007 оны 9 сарын 13: ОУОХ долоон нэр дэвшигч хотыг зарлалаа. Цагаан толгойн дарааллаар бичвэл Баку (Азербайжан), Чикаго (АНУ), Доха (Катар), Мадрид (Испани), Прага (Чех), Рио де Жанейро (Бразил), Токио (Япон)

- 2008 оны 6 сарын 4: Долоон хотын дөрвийг нь ОУОХ-ы гүйцэтгэх зөвлөлөөс сонголоо.

- 2009 оны 2 сарын 12: Дөрвөн хот 17 зүйл бүхий нэр дэвших баримтыг бүрдүүлж өглөө.

2009 оны 6 сарын 17-18: ОУОХ-ы гишүүд Лазонн хотноо чуулж нэр дэвшигч хотуудын техникийн боломжийг үзэн тэднээс асуулт асууж хариултуудыг авчээ.

Denmark Olympics 2016 Bids Rio de Janeiro

Japan 2016 Bids Tokyo Olympics

Denmark Olympics 2016 Bids Chicago

No comments:

Post a Comment