Wednesday, October 21, 2009

Монголд төлбөргүй эмнэлэг нээнэ

Бага наснаасаа хийдэд шавилан сууж Төвдийн Дарма ууланд есөн жил зулайнаасаа гэрэл цацартал бясалгал хийсэн Солонгосын санваартан, зураач, яруу найрагч, эмч Ким Сон Жун “Монгол нутгийн дөрвөн зүг найман зовхист” нэртэй зургийн үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэжээ.
Нэгэн биед төрөл бүрийн авьяас цогцолсон түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та Монголд үзэсгэлэнгээ анх гаргаж байна уу.
-Үгүй ээ, хоёр дахь удаагаа гаргаж байна.

-Хэдэн настайгаасаа зурж эхэлсэн вэ?
-Анх 16-тайдаа бурхан зурж байсан.

-Олон оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан уу?
-Дэлхийн ихэнхи оронд уран бүтээлээ дэлгэж сонирхуулсан. Ер нь бол 80 гаруй удаа үзэсгэлэн гаргаснаас 14 нь бие даасан.

-Монголчуудад уран бүтээлээсээ сонирхуулах болсон нь ямар нэгэн учиртай юу?
-Тэгэлгүй яахав. Солонгос ламын уран бүтээлийг танилцуулах зорилго юун түрүүнд байгаа. Ирэх жил “Монголын сайхан орон” нэртэй үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй. Олсон ашгаа Монголд, буяны үйлст зориулах бодолтой байна.

-Та нэг зургийг ямар хугацаанд зурдаг вэ. Таны голлон зурдаг сэдэв?
-Ерөнхийдөө нэг уран бүтээл хийхэд есөн сараас нэг жилийн хугацаа шаардлагатай болдог. Яг тэр энэ гэж сэдэвт баригддаггүй, бүх л чиглэлээр зурдаг. Иймдээ ч үзэсгэлэндээ олон талын бүтээл тавьдаг.

-Өөрийг тань зурахаас гадна шүлэг бичиж, дуулдаг гэж сонслоо. Таны удамд авьяастай хүн байсан уу?
-Миний өвөө Ким Жон Хи яруу найрагч төдийгүй Солонгосын нэртэй оточ, лам хүн байсан юм. Тэгэхээр энэ бүхнийг өвөөгөөсөө өвлөсөн хэрэг. Би Сөүлийн яруу найрагчдын холбооны гишүүн. Шүлгийн ном гаргаагүй л дээ. Харин шүлгүүд маань сэтгүүлд хэвлэгдэж байсан.

-Та хэдэн настайгаасаа хийдэд шавилан суух болсон бэ. Солонгосчууд ихэвчлэн Христийн шашныг шүтдэг байхаа?
-Би бүр багаасаа лам болж хийдэд шавилан суусан шарын талын хүн. Солонгос хүн гэхээр заавал Исүс шүтнэ гэсэн юм байхгүй л дээ. Сүүлийн үед монгол хүмүүс ч христийн шашин шүтдэг болж. Би Монголд зургаа дахь удаагаа ирж байна. Миний бас нэг зорилго бол хоёр орны шашны уялдаа холбоог сайжруулах.

-Таныг Монголд төлбөргүй эмнэлэг байгуулах гэж байгаа гэж дуулсан. Энэ талаар сонирхуулна уу?
-Тийм ээ. Энэ ондоо багтаагаад эмнэлгээ нээх бодолтой байна. Эмнэлэг маань буяны тал руугаа чиглэсэн. Мэдээж тодорхой хэмжээний өртөгтэй. Гэхдээ өнөөдөр үнэхээр талхаа авч хүчирэхгүй хүмүүс өвдөөд эмчлүүлж чадахгүй байна шүү дээ, Монголд. Бид тийм хүмүүсийг төлбөргүй эмчлэх юм.

-Та өөрөө эмчлэх юм уу, эсвэл эмч ажиллуулах уу?
-Би 2004 онд Сөүл хотын Анагаах ухааны их сургуулийн Уламжлалт эмчилгээний ангийг төгсөөд дараа нь Хятадад зүү төөнүүрийн курст суралцаж дүүргэсэн эмч хүн.

-Яагаад заавал Монголд эмнэлэг нээж, хүмүүсийг нь үнэ төлбөргүй эмчлэх гэж. Танай улсад ч гэсэн төлбөрийн чадваргүй хүн олон байдаг биз дээ?
-Би дэлхийн олон орноор явж үзсэн. Япон, Франц, АНУ гээд бурхны шавь нар байгаа газар бүрт. Танилууд маань намайг Монголд амьдрах болсонд гайхаж байгаа. Манай Солонгост ч гэсэн өвдсөн зовсон хүмүүс олон. Тэнд шавь нар минь байгаа учраас л би Монголыг сонгосон юм. Гол нь бусдад буян болохыг хичээсэн хэрэг. Би өөрийгөө тийм баян гэж хэлэхгүй ээ. Бие болоод сэтгэлийн буянаараа л баян. Сэтгэл дотроо байнгын ариун цагаан бодол тээж явдаг болохоор бүх ажил маань сайхан бүтдэг.

-АНУ-ын экс Ерөнхийлөгч Жорж Бушийн урилгаар түүнийг эмчилж байсан гэж үнэн үү. Түүнд ямар эмчилгээ хийсэн юм бэ?
-Үнэн. Урилгынх нь дагуу очиж эмчилж байсан. Долоо хоног эмчилгээ хийсэн. Ууц нуруу нь өвдсөн байсныг нь зүү төөнүүр болон био энергээр эмчилсэн.

-Монголд ирснээсээ хойш олон хүнийг эмчлэв үү?
-Эмчилсээн. Саяхан Төв аймгийн Манзуширын хийдийн тэнд зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй өвдөөд босч чадахгүй гэртээ хэвтэж байхад эмчилж өгсөн. Одоо бие нь сайжирсан. Бас хэд хэдэн хүнд зүү төөнүүр болон био энергээр эмчилгээ хийлээ. Өөрөө эм тангаа найруулаад эмчилгээгээ хийдэг.

-Био энергээр хүнийг эмчлэхээр хамаг муу бүхэн нь эмчилж буй хүнд шингэдэг гэсэн байх аа. Тэр болгоныг биеэсээ яаж гаргаж зайлуулдаг юм бэ?
-Би 1990-2000 оны хооронд Төвдийн Дарма ууланд бясалгал хийж суусан. Тэнд есөн жил суусны дараа зулайнаас гэрэл цацарч өөртөө их энергийг хуримтлуулж авч чадсан. Эмчилгээ хийсний дараа бясалгал хийж тэр муу бүгдийг өөрийн биеэс гаргаж сурсан. Бясалгал хийснээр биеэ амар амгалан болгож сэтгэл санаагаа бүрэн тайвшруулж чаддаг. Ер нь хүн болж өгвөл бясалгал хийх нь маш сайн талтай.

No comments:

Post a Comment