Wednesday, October 21, 2009

Удам угсаа, ураг төрлөө нэрлэж сурцгаая

Өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурав бол цаг хугацааны ч, үе үеийнхний ч хувьд тасаршгүй амин холбоотой. Удам угсаа, ураг төрлөө мэдэхгүй бол уулын сармагчин лугаа адил гэсэн эртний сургаал үг ч бий.
 Энэ удаагийн дугаартаа овог угсаа, ураг төрлөө хэрхэн нэрлэх талаар өгүүллээ. Овог угсаагаа ялгах ёсон Монголын өргөн тал уудам нутагт олон үндэстэн ястан оршин суудаг. Тэгвэл нийт хүн амын 70 гаруй хувийг эзэлдэг халхчууд Монгол орны төв ба дорнод хэсэгт оршин суудаг бол баруун хэсэгт дөрвөд, баяд, мянгад, өөлд, захчин, торгууд, хойд хэсгээр буриад ястан, зүүн талаар дарьганга, харчин, хамнигад, үзэмчин гээд тал хээрийг хүрээлэн амьдарсаар иржээ. Мөн турк үндэстэнд багтах казах ястан болон хотон, туваа нар Баян-Өлгий, Увсад суурьши н амдьрдаг. Ингээд эртнээс эдүгээ хүртэл Монголын газар нутагт амьдарсаар ирсэн үндэстэнястнуудынзарим овог угсааг өгүүллээ. Монгол орны хүн амын дийлэнх хувийг эзэлдэг халх үндэстэн нь дотроо 400 гаруй овог байдаг. Эдгээрээс дурьдвал: боржигон, хатгин, харчин, онхууд, урианхай, олхонууд, элжигэн баяд, бэсүд, мангуд, оннуд, юншээвүү, үжээд, мянган, харнууд, түмэд, сартуул, тангууд, мэргэд, барга, цахар, харчин, өөлд, торгууд, хотгойд, хариад, баачууд, бөөчүүд, гэх зэрэг олон овог угсаатанд хуваагдсаар иржээ. Эдгээр үндэстнүүдийн удам угсааг тайлбарлавал: Буриад: Буриадууд МЭ 4-р зууны үед амьдарч байсан Баргабаатарын гурван хүүгийн нэг Хоридойн 11 дэх хүүгийн нэрээр нэрлэгдсэн. Хорь буриадууд нь ихэвчлэн Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Цагаан овоо, Сэлэнгийн Ерөө, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Булган, Тэшиг сумдаар нутагладаг. Баяд: Энэ үндэстэн нь гол төлөв Увс аймгийн Зүүн говь, Малчин, Тэс, Хяргас сумдад болон Дорноговь аймгийн Даланжаргалан, Алтанширээ, Их хэт, Хар-Айраг, Төв аймгийн Баян, Хэнтийн Баянхутаг, Норовлин сумдын нутагт амьдран суудаг байна.
Монголын эртний түүхтэй баядууд дотроо цорс, борлууд, харганууд, цагаагчууд, хошууд, тайжиуд, шарнууд, шарайд, харчууд, галзад, гэх мэт олон овогт хуваагддаг байна. Дөрвөд: Дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Өлгий, Өмнөговь, Сагил, Ховд, Наранбулаг, Завхан, Тариалан сумдад, Ховд аймгийн Дөргөн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумдаар амьдарсаар иржээ. Дөрвөдүүд цорс, таргад, цоохор, хошууд, дураал, шаазгай, хойд шарайд.у цагаагчууд, борлууд, галууд гэх мэт 100 гаруй овог, отог байдаг. Өөлд: Ховдын Эрдэнэбүрэн суманд бөөнөөр амьдардаг энэ үндэстэн мөн Архангай, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Баян хонгор.Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Говь-Алтай аймгуудад амьдардаг байна. Энэ ястан нь бусад ястны л адил олон овогтой билээ. Үүнд: цорос, ноён цорос, нохой цорос, хошууд, хойд, шар хойд, цагаан хойд, хойд цувдаг, хулан цувдаг бүргэд, шар монгол гэх мэт олон овгууд багтдаг байна. Мянгад: Ховд аймгийн Мянгад суманд амьдардаг энэ үндэстэн дотроомянгад, башиагид, хиргис хэмээн гурван том хэсэгт хуваагддаг . Үүнийгээ тэд ястан гэж нэрлэнэ. Мянгад ястанд газарч, бошого, ханд зэрэг бусад овгууд ордог байна. Тува: Энэ үндэстнүүд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд бөөнөөрөө орщин суудаг ба Ховдын Буянт суманд цөөн тооны тува бий. Тувачууд 50 гаруй овогтой. Тэдгээрээс нэрлэвэл: хар соён, цагаан соён, иргид, галзаан иргид, өөлид иргид зэрэг багтана. Урианхай: Ховд, Баян-Өлгийн хэд хэдэн сумдаар нутагласаар иржээ. Мөн Хятадын Шиньжаан, Оросын буриад, Өвөрмонголд оршин суудаг байна. Алтайн Монгол Урианхайн овог гэвэл: хорхон, түнхэл, өөлөг, их, дунд, бага өөлөг, хар дөнхөл, шар дөнхөл, ховшоо, ятуун, хойд, цагаан туг гэх мэт. Хотгойд: Говь-Алтайн шарга суманд оршин суудаг. Хотгойдын овог нь: боржигон, дайртан, чулуун, дотно дуутан, охид, хуушаан, онход халиун мянгад, хавхчин, хотгойд зэрэг багтана.
Хотон: Увс аймгийн Тариалан суманд бөөнөөр амьдарсаар иржээ. Шалбаг, будаг оготор, хөцгөлд, шаабай, хольдог, хаснууд хэмээх долоон овог бий. Хошууд: Энэ үндэстэн Ховд аймгийн Булган суманд бөөнөөр суудаг. Хошуудын дунд асуд, алагчууд, торгууд, их шарнууд, хөтөч нар, баатууд, ямаад, ховчууд, бэйлийнхэн гэх зэрэг овогууд багтдаг байна. Барга: Дорнод Монголын нутагаар оршин сууж байна.Баргууд угтаа хорь буриад гаралтай бөгөөд сүүлдээ халх өвөрлөгчийн холимог овгоос гаралтай хэмээн судлаачид үзсэн ажээ. Барга овогт авгарашуул, өзөөн, гушир, хатгин, бодонгууд, шарайд гэх мэт нэрлэгддэг байна. Хамниган: Сэлэнгийн Ерөө, Дорнодын Баян-Уул.Цагаан -Овоо сум болон Төв аймгийн Мөнгөн морьт, Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр, Батширээт, Дадал сумдын нутгаар сууж байна. Хамнигадад алтанкан, багдарин, катакин, лүнээкэн, өрлүүд гэх зэрэг 90-ээд овог бий. Дархад: Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх, Ринченлхүмбэ зэрэг сумдаар нутаглан сууж байна. Дархадын дотор хар дархад, ухаа дархад, карнад, хиргис, соён хар гэх зэрэг 30 гаруй овог бий.. Цаатан: Цаатанууд Хөвсгөлийн Цагаан-Уул, Баянзүрх, Ринченлхүмбэ, Халх сумдаар нутагладаг. Эртнээс цаа буга маллаж цастай уулыг даган амьдарсаар ирсэн цаатанууд одоогоор ихэд цөөрсөн. Ак-чоду, кара-тоду, соён кыргыз, канати, мат, тархад, шархар ак-чоду, кара-чоду зэрэг овгууд байдаг байна. Үзэмчин: Энэ ястан нь Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумд ба Сүхбаатар аймгийн Эрднэцагаан цаашлаад Өвөрмонголын Шилийнголд нутгалсаар иржээ. Дарьганга: Дарьгангачууд Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумдаар оршин суудаг. Цахар: Цахарууд нь Сэлэнгийн Цагааннуур сумын нутгаар оршин суудаг цөөхөн тоотой иргэд ажээ. Ураг төрлөө нэрлэх ёсон Монголчууд эртнээс нааш ураг төрлийн тогтолцоогоо үр хүүхдэдээ зааж сургасаар ирсэн. Та өөрийн ураг төрлөө сайтар мэдэж зөв нэрлэж сурах учиртай. Ураг төрлийн тогтолцоог овог, ураг, удам, угсаа, уг, язгуур, эш үе, ясан төрөл гэх зэргээр ангилан ялгадаг. Ураг нь эхийн эрхт ёсноос уламжлан ирсэн зүйл юм. Эхийн удам баримталсан цусан төрлийн холбоо бүхий хүмүүсийн нэгдлийг ураг гэдэг ажээ. Харин удам овог нь нэгэн уг язгуурын төрөл садангийн шүтэлцээтэй хүмүүсийг хэлдэг байна. Орчин үед хүмүүс овгоо хэлэхдээ эцгийнхээ нэрийг хэлдэг нь буруу юм. Угтаа овог бол хүний удмын санг тодорхойлох зүйл билээ. Тиймээс монголчууд овгийг зөвхөн эрэгтэйн талыг баримтлан нэгэн мөр болгон хөтөлсөөр иржээ. Бас ураг төрлийн хэлхээ холбоог уг язгуур, эш, үе гэж ялгадаг. Энэ нь уг, язгуур хоёр ижил ойлголтууд юм.
Тэгвэл үе гэж юу вэ? Нэгэн үеийг 20-25 насаар хязгаарлана. Үеийг ойр, аглаг гэж хуваах бөгөөд таваас наашихыг сунжраагүй, цаашихыг сунжирсан үе гэдэг. Ураг төрлийн шүтэлцээнд эцгийн талыг “ясан” буюу авга гэдэг бол эхийн талыг “цусан” төрөлд хамааруулан нагац гэж дуудна. Үүнээс үндэслэн шууд, хажуугийн ураг төрөл гэж хуваадаг. Шууд ураг төрөлд эцэг, эхийн удмыг, хажуугийн ураг төрөлд авга, нагацын хамаатан садныг тооцдог байна. Ураг төрөлд: Өөрийн эцэг эх, эцгийн эцэг эхийг эмээ өвөө, өвөө эмээгийн эцэг эхийг өвөг эцэг, өвөг эцгийн эцэг эхийг элэнц өвөг, дөрөв дэх үе буюу элэнцийн эцгийг хуланц гэдэг аж. Эхнэр нь нөхрийн, нөхөр нь эхнэрийнхээ эцэг эх болон хамаатныг хадам гэнэ. Өөрийн биеийг төрүүлсэн хүнийг төрсөн эх, төрөхөд хүйг тасалсан хүнийг авсан ээж, хөхүүлж өсгөсөн хүнийг хөхөлт эх, төрсөн эх эцгийн дараа ураг холбосон хүнийг хойд эх, эцэг гэдэг. Эцэг эхийн ах, эгч, дүү тэдний үр хүүхдийг биеийн ойр ах дүү гэнэ. Ахын эхнэрийг бэргий, бэргэн гэнэ. Эгчийн нөхрийг хүргэн гэнэ. Нэг айлын хүргэн бэрүүд харилцан биесээ баз хэмээн дууддаг. Эгч, охин дүүгийн хүүхдүүдийг бөл, бөл ах дүүгийн хүүхдийг бөл ач, бөл зээ гэнэ. Төрсөн хүүгийн хүүг ач, түүний хүүг гуч гэдэг бол охины хүүг зээ, зээнцэр гэдэг аж. Хүргэн охины тал ха~рилцан худ болно. Ийнхүү удам судар, төрөл саднаа зөв нэрлэх нь чухал билээ.

No comments:

Post a Comment