Wednesday, October 21, 2009

Эсийн доторч эрдэнэс бий

Онолт (бүтэн нэр нь Цэрэн-Онолт) бид хоёр оюутан насны андууд. 20-иод жилийн өмнө оюутны байрны нүргээн дунд танилцаж, коридорт барилдаж байрны командатад үе үе аашлууланхан явж. Өвөрхангайн хүү тэрээр МУИС-ийн математикийн ангид надаас хоёр жилийн доор суралцаж байлаа. Төгссөөр бараг сураг тасраад байсан бид хэдхэн жилийн өмнөөс Цахим өртөөгөөр бие биенээ эргэн олж мэндийн захиа шидэлцэхээс төдийлөн хэтрэхгүй явсан юм. Испанийн Сэвиллад PhD хийж байна, Финландад ажиллаж байна гэдгээс өөр олон зүйл ч мань хүн эс ярина. Ер даруухан эр. Харин андынхаа юу хийж бүтээж явааг интернетээс л чухам олж мэдээд энэхүү ярилцлагыг авах сэдэл үүсэв. Түүний судалж шинжилж буй сэдэв чиглэл нь шинэхэн, хэллэг үг нь жир хүний чихэнд төдийлөн дасал бус болохоор тайлбар нэхэн байж яриагаа эхэллээ.

Саяхан таныг Plectix BioSystems-ийн CelluciFest-ийн Cellucidate’s загварчлалын анхны уралдааны нэгэн шагналыг өөрийн ажилаараа хүртсэнийг сонслоо. Баяр хүргэе. Энэ чухам ямар учиртай байгууллагаас ямар ажил хийсэн хүнд, юун шагнал гардуулав аа. Нэг сайхан энгийн үгээр маньд ойлгогдохоор тайлбарлаад өгөөч хө


За их баярлалаа. Та өөрөө математикч хүн ижил мэрэгжилтэй намайгаа ойлгогдхуйцаар тайлбарлана шүү хө гээд урьдчилаад анхааруулчихаар одоо яадаг юм билээ. Эхлээд бага зэрэг оршил ярьж тайлбарладаг юм билүү.

Биотехнологи, нанотехнологийн суурь судалгаа нь эс доторх молекулийн бүтэц, тэнд явагдаж буй урвал, процессийг лабораторын (vivo) туршилтын болон компьютер загварчлалын (vitro) хосолсон аргаар хийгдэж байна л даа. Лабораторийн туршилт өртөг өндөртэй, хугацаа их шаардах тул, био-туршилтийн өгөгдлүүдээ компьютерт загварчилан боловсруулах, турших арга түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч эсийн тэр асар их өгөгдөл, мэдээлэл, нарийн процессийг тэр бүр дууриалган загварчилах математик арга, түүнийг бодох компьютерийн техникийн боломж хязгаарлагдмал юм. Ийм бэрхшээлүүдийг гэтлэх арга замуудыг хайсаар байгаагаас саяхан Харвардын их сургууль, Эдинбургийн их сургуулийн хэсэг эрдэмтэд эсийн сигнал дамжуулах процессийг компьютерт загварчлах нэгэн шийдэлийн математик онолыг боловсруулсан байна. Энэхүү арга нь нилээд найдвар төрүүлж, эрдэмтэн судлаачдын төдийгүй биотехнологийн компануудын сонирхолыг ихээхэн татаад байгаа юм байна. Тэгээд энэхүү онолыг бодит байдалд хэрэгжүүлэх зорилготой компьютерийн системийг АНУ-ын Плектикс Биосистемс гэдэг компани хийгээд дуусах шатандаа орж байгаа юм билээ.

Плектиксээс уг системийг ашиглан биопроцессийг загварчлах уралдааныг 2009 оны 3 сард зарлаад 9 сард шалгаруулалтын үр дүнг нь зарласан юм. Уралдааны болзол нь энэхүү компьютерийн системийн давуу талыг харуулсан, урьд өмнө нь хийгдэж байгаагүй биологийн процессийн шинэ бөгөөд чухал загвар байх гэх мэт байсан бөгөөд эрдэм шинжилгээний, инновацийн, боловсрлын чиглэлтэй гэсэн 3 ангилалд тус бүр нэг хүнийг шалгаруулсан. Миний бие гурав дахь ангиллын тэргүүн байрын шагналыг хүртэхээр болсон тухай Плектиксээс мэдэгдсэн. Ийм л учиртай юм.

No comments:

Post a Comment