Wednesday, October 21, 2009

Эхийн эндэгдэл өсч, гажиг өсөлттэй хүүхэд төрөх боллоо

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд халдварт шар өвчин тархалттай,хавдараар өвчлөгсдийн тоо нэмэгдсэн гэдэг мэдээний мөрөөр аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, аймгийн ИХ-ын төлөөлөгч Мүбаракийн Хадыстай уулзаж ярилцлаа.


-Энэ он гарсаар халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс дөч орчим хувиар буурсан ч шар өвчин газар авч байгаа юм биш үү?
-Манай эмнэлэг 12 тасаг, 300 гаруй ажиллагсадтай, эмч боловсон хүчнээр бүрэн хангагдсан, жилд 8000-аад хүн хэвтэж эмчлүүлдэг. 1500-1600 орчим эх амарждаг. Хүн амын тоо өсөх,бусад шалтгаануудаар ажлын ачаалал жилээс жилд нэмэгдсээр, халдварт шар өвчин, сүрьеэ, арьс өнгөний өвчин дэлгэрэх төлөвтэй. Халдвартын тасаг 10 ортой, шар өвчнөөр өвдсөн 21 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнд аймаг орон нутаг ихээхэн анхаарал тавьж байна. Тандалт хийж байгаа, ойрын үед тодорхой дүгнэлт гарах болно.

Нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн яамнаас жил болгон олгодог төсвийн хүрээнд ажил үйлчилгээ явуулж байна. Энэ жил төрөх болон бусад тасгуудын дотоод засварыг хийж дуусгаад одоо гадна талын засвар үлдээд байгаа. Сантехникийн засвар хийх ёстой. Түргэн тусламжийн унаанууд бүрэн бэлэн. НҮБ-ын Хүн амын сангаас бэлэглэсэн бүрэн тоноглосон, хурдан бөгөөд хөнгөн машин алсын түргэнд явж байна. Хуучин есөн цаг яваад хүрдэг байсан хамгийн их алслагдсан Булган суманд тав зургаахан цагт хүрч өвчтөнд тусламж үзүүлээд л эргээд ирчихдэг боллоо.

-Оношлогоо,эмчилгээний тоног төхөөрөмжийн хангалт хэр зэрэг байна вэ?
-Тун тааруу. Хуучин ЗХУ-аас ирүүлсэн багаж хэрэгслүүдээр л тоноглогдсон байсан. 2000 онд Японы Жайкагийн төслөөр шинэчилсэн боловч есөн жил болсон учир элэгдэж хуучраад эхэлсэн. Эрүүл мэндийн сайд, менежментийн баг ирээд 150 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж өгөхөөр болсон. Одоо тендер нь зарласан болохоор удахгүй орж ирэх байх аа гэж бодож байна.

-Улсын дунджаас өндөр гэж олон жил ярьсан эх, нялхсын эндэгдэл нөхөн үржихүйн хөтөлбөрийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд буурах хандлагатай болсон. Одоо ямар үзүүлэлттэй байна вэ?
-Өнгөрсөн оноос аймгийн хэмжээнд өсөх хандлагатай. Энэ нь олон шалтгаантай. Газар орны байршлын хувьд өндөр уултай нутаг бас эхийн суурь өвчин ихтэй. Бөөр, зүрх судасны өвчин,төрөлтийн гажиг ихтэй. Эхийн эндэгдэл эдгээртэй холбоотой. Харин нялхсын эндэгдэл өнгөрсөн оныхоос гайгүй ч гажиг хөгжилтэй хүүхэд төрөөд байдаг боллоо. Энэ жил таван хүүхэд гажиг хөгжилтэй төрсөн. Толгойн ясны тал нь байхгүй, хэвлийн хөндийн эрхтэнгүй, зарим нь гар хөл мухар, амьд төрөөд л хэдэн цаг болоод энддэг. Үүний учир начрыг олж батлах бололцоо бидэнд алга.

-Урд, хойд хөршүүдийн полигон, атом цөмийн туршилт, цацраг идэвхт бодис нөлөөлөөд байгаа юм биш биз дээ? Гэвч манайд түүнийг хэмждэг багаж хэрэгсэл байхгүй гэсэн.
-Магад ч үгүй, улсын хилээр л хуваагдаж байгаагаас биш Семипалатинск энүүхэнд ойрхон. Онцгой бүс гэдэгт нь багтдаг ОХУ-ын Кошагач район нь далаадхан км ойрхон л даа. Бүгд нууц нуугдмал байсан болохоор бидэнд мэдэх юм алга. Хордлогын нөлөө байгаа эсэх талаар холбогдох байгууллагуудад асуудал тавьсан хариу ирээгүй. Янз бүрийн харь орнуудаас ирж байгаа төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн ч гэсэн бүгд цэвэр ариун гэхээр баталгаа алга даа.

-Тахир дутуугийн группт гарсан хүний тоо тус аймагт их олон гэсэн шүүмжлэл байдаг нь ямар учиртай юм бэ?
-Олон хүн байгаа нь үнэн. Өнгөрсөн зургадугаар сарын 20-30-ны өдрүүдэд төв магадлах комиссоос найман их эмч ирж ажиллаад үүнийг нягтлан шалгасан. Ингэсний эцэст танайд үнэхээр өвчлөл, тэр тусмаа бөөрний өвчин, гэмтэл, зүрх судас, цусны эргэлтийн өвчин, сүүлийн үед хавдар ихсэж байгаа юм байна гэсэн. Тэд өвчлөлтийг бууруулах зорилгоор есөн суманд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн. Эмчилгээ бас хийсэн. Ингээд группт байдаг хүний тоо долоон зуу орчмоор буурлаа.

-Эмч мэргэжилтэй хүмүүс бүгд ажлын байртай болсон уу?
-Их эмчийн хангалт зуун хувьтай. Бага эмч,сувилагч мэргэжилтэй хүн маш олон буюу илүүдэлтэй. Улаанбаатар, Говь-Алтай, Казахстанаас төгсч ирээд л жилд 18-20 нь ажил хайж хүсэлт тавиад явдаг.

-Хувийн эмнэлгийн тоо сүүлийн үед их нэмэгдэх төлөвтэй. Тэд танай эмнэлэгт аливаа нэг саад бэрхшээл учруулдаг уу?
-Хувийн эмнэлгийг төрөөс дэмжиж байгаа. Одоо манайд гурав дөрөв бий.

Тэнд манай нэгдсэн эмнэлгийн их эмч нар ажлын бус цагаар л ажилладаг. Албаны цагт нэгдсэн эмнэлэгт ажиллана. Бид гэрээ хийсэн, орой дуудлага гарвал саадгүй ирж ажиллах ёстой. Гэвч хоёрдмол байдал хэцүү шүү дээ. Энэ бол улс даяар шийдэж чадахгүй байгаа зангилаа асуудлын нэг. Аль нэгэнд нь л байх нь зүйтэй гэж хувьдаа боддог.

-Түргэн дуудсан хүнээс бензин нэхдэг зохисгүй явдал хөдөөд байгаа, үүнийгээ таслан зогсоо гэж аймгийн Засаг дарга ноднингоос хэд дахин шаарджээ. Танайд тиймэрхүү дутагдал байдаг уу?
-Хөдөө байж магадгүй. Бид грамм ч бензин нэхдэггүй, шууд багаар үйлчилдэг. Хямралаас болоод өнгөрсөн гуравдугаар сараас бензиний лимит, цалин, эмийн төсөв хасагдсан. Ажиллах боломж тун хэцүү, ойрын саруудад улам хүндрэх төлөвтэй.

-Эм, тарианы хангалт хэвийн байна уу?
-Сайн байгаа. Хоёр ч компанитай гэрээтэй ажилладаг. Гэхдээ асар их үнэтэй. Хуучин бид пенициллин, стрептомицин хэрэглэдэг байснаа одоо ОХУ-аас манай түнш компаниуд эдгээр эмийг авахаа байсан. Тэднийхээс өмнө нь 50-60 төрлийн эм авдаг байснаа одоо тав арван хувийг л авч бусдыг нь өөр улс орны өндөр үнэтэй эм, тариа авдаг болжээ.

-Хөдөөнөөс орж ирсэн өвчтөнүүдэд хэр энэрэлтэй ханддаг вэ?
-Алс холоос зовиуртай хүн орж ирэх нь мэдээж. Тэднийг угтан үйлчлэх хэсэг байгуулсан. Ямар эмч хаана суудаг болохыг зааж хүргэж, холбогдох шинжилгээг авдаг үйлчлэгчтэй. Сурталчилгааны том телевиз, видео бичлэг байнга ажиллаж элдэв халдварт, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж анхааруулгыг түгээдэг. Гэхдээ өвчний онош тодруулах лабораторийн асуудал маш хэцүү. Заримдаа бидний энд хийсэн шинжилгээ Улаанбаатарт очоод зөрдөг. Миний бодлоор нэг үйлдвэрийн, нэг брендийн багаж хэрэгслээр шинжилгээ хийвэл зохино. Янз бүрийн улс орноос оруулж ирсэн зүйлүүд хоорондоо зөрөөтэй юм зөндөө гардаг. Эрүүл мэндийн яам үүн дээр анхаарлаа төвлөрүүлж л байна.

-Та уугуул нутаг Толбо сумаасаа аймгийн ИХ-ын төлөөлөгчөөр хоёр ч удаа сонгогдон ажиллаж байна. Энэ үүргээ биелүүлэх чиглэлээр юу амжуулж байна вэ?
-Мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсээр байна. Нэг сум төдийгүй аймгийн нийт иргэдийн эрх ашгийн үүднээс эмнэлгээ бэхжүүлж үйлчилгээг чанаржуулахад хамаг хүчээ дайчилж байна. Толбо суманд гэхэд нэг л жишээ дурьдахад, гуравдугаар багт 25 га атар газарт хадлангийн талбайг усалгаатай болгож өгснөөр гурав дахь жилдээ малчид сайн ургац авсан. Төслийн дэмжлэгээр уг талбайг улам боловсронгуй болгож ургацыг нэмэгдүүлэх бодолтой. Хоёрдугаар багийн иргэдэд “Жол” компанитай хамтран зусланд гарах маш дөт зам засч өгсөн. Нэгдүгээр багт мөн бартаат замыг иргэдтэй нь хамтраад засч өгч тусаллаа.

-Эмч нар өвчтөнүүдээс оношилсон, эмчилсэнийхээ төлөө шан харамж нэхдэг, авлига авдаг гэдэг яриа байдаг нь үнэн үү?
-Сүүлийн таван жилийн хугацаанд нэг ч өвчтөн танай энэ эмч тусламж үзүүлэхгүй юм нэхээд байна гэсэн гомдол мэдээлэл надад ирээгүй. Ийм баримтгүй яриа бол улс төр болон гүтгэлгээс өөр юм огт биш байгаа. Улаанбаатарт очиход шинжилгээ хийж зөвхөн клезм тавьж өгөхөөс эхлээд мөнгө тоолж өгдөг. Бид ямар ч шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг. Өвчтөний картыг үнэгүй олгодог. Төсвөөс өөр чиглэлээр орж ирдэг улаан мөнгөний орлого байхгүй, ямагт зарлагатай байдаг байгууллага. Яамнаас менежментийн баг ирж долоо хоног ажиллахдаа энэ талаар ямарваа нэг баримт гарч ирээгүй нь үүний баталгаа гэж болно. Хов жив бол голцуу улс төрийн ашиг хонжооны үүднээс гарч ирдэг болсон шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн харилцаанаас үзэхэд эмч нарын эзлэх хувь маш өндөр болоод байгаа.Тэд мэргэжлийн ажлаасаа илүү албан тушаал их хөөцөлддөг болсон юм биш үү?
-Эмнэлэг, эрүүл мэндийн асуудал одоо үед хурц тавигдах болсон. Тайлагдаагүй зангилаа асуудал энэ салбарт маш олон хуримтлагдсан. Иймд түүнийг шийдвэрлэх, тайлахын үүднээс улс төрөөр оролддог болсон нь үнэн.Тэрнээс биш улс төрийн хонжоо олох, “бялуу хуваалцахыг” бид зорилго болгодоггүй. Эмнэлгийн тоног төхөөрөмж дутуу, засвар хийгээгүй, хөдөлмөрлөх нөхцөл ажиллах боломжгүй болсон зэргийн улмаас улс төр хөөцөлддөг болсныг буруутгахын аргагүй. Түүний ачаар зохих үр дүнд хүрээд байна. Боломжийн хэмжээнд засвар тохижилт хийгээд ажил үйлчилгээгээ хэвийн явуулж байгаа маань засгийн ч буян, эмч нар иргэний хуралд зохих суудал эзлээд тулгамдсан асуудлаа шийдүүлээд авсны ч ач. Өмнө нь улстөржих явдал байсан. Одоо 2009 оны эхнээс бүгдээрээ намаасаа татгалзах юм уу, түдгэлзсэн. Нийтийг хамарсан хүрээнд биш одоо ч улстөржилт мэр сэр гардаг болохыг ч үгүйсгэхгүй.

-Та эмнэлгийн нарийн тоног төхөөрөмжийн мэргэжлийг Германд эзэмшсэн, Монголдоо их эмчийн сургууль төгссөн туршлагатай мэс засалч эмч хүн. Одоо дарга болоод мэргэжлийн ажлаасаа хөндийрөөд байгаа юм биш үү?
-Аймаг зуун мянган хүн амтай, өвчин зовлон ихтэй. Үүнийг зохицуулж боловсон хүчнээр хангах, ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах шаардлагатай байлаа. Одоо хар даа, 250 ортой нэгдсэн эмнэлгийн дөрвөн давхар байшинг тохижуулаад аятайхан болсон. Би өдөр бүр биш ч гэсэн мэр сэр хагалгаа хийдэг, мэргэжлээсээ холдоогүй л дээ.

-Танай энд ер нь ямар дэвшил байна вэ?
-Эмч нарын мэргэжил мэдлэгт тодорхой ахиц гарсан. Нийслэл Улаанбаатарын томоохон эмнэлгүүдийг харж суух биш багш нараасаа ихийг сурч мэдэж байна. Төрөх, хамар хоолойн зэрэг мэс заслыг манайхан өөрсдөө хийдэг. Бөөр, цөс, түрүү булчирхайн хагалгаа хийж байна. Нүдний нарийн мэс засал хийж болор тавьж байна. Төрөхийн мэс засалд гарамгай сайн ажилладаг. Энэ талаар нэгийг сануулахад, эхийн эндэгдэл гаргахгүйн тулд хөдөө сумын эмч нар маш нямбай ажиллах шаардлагатай. Хөдөөнөөс хүндрээд ирсэн хүнийг нэгдсэн эмнэлэг хоёрдугаар шатанд зуун хувь авч үлдэнэ гэдэг тун хэцүү байдаг.

Тодорхой сайн шинжилгээ хийдэггүй. Карт, өвчний түүхийг хөтөлж бүрдүүлээд манайд сар юм уу, хоёр гурван долоо хоногийн өмнө хүргэвэл бид хүч мөхөсдхөд хүрвэл Улаанбаатар руу явуулаад эхийн эндэгдлийг бууруулах ёстой. Ингэхгүйгээр яг аминд тулаад ирэхээр, яарахад эндэгдэл гардаг. Нөхөн үржихүйн асуудлыг Эрүүл мэндийн газар голлон эрхэлдэг. Зохих багаж тоног төхөөрөмжөөр хангадаг. Энэ талаар Дэлхийн зөн олон улсын байгууллага ихээхэн тусалдаг. Сайн машин унаа олгосон. Манай нэг тасаг палат, хүүхдийн тасгийг тохижуулж өгсөн.

Хүүхдийн тоглоомоос эхлээд хүүхдийн сэхээн амьдруулах өрөөг бидэнтэй хамтран тохижуулсан. Түүнд хүүхдийн зориулалттай тоног төхөөрөмж тавьж өгөхөөр болоод байгаа. Иймд уг байгууллагынханд туйлын их баярладаг. Тоног төхөөрөмж хамгаас чухал байна. Лабораторийг тоноглох, физик эмчилгээний арваад жил ажилласан аппарат хуучирсныг шинэчлэх хэрэгтэй байна. Шээс, цусны анализатор гэж шинжилгээг шууд гаргадаг хэрэгсэл байдаг. Олон түмэнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхийн тулд дээрээс эдгээрийг хангаж өгөөсэй. Эртний микроскопыг өдий хүртэл шагайж байгаа шүү дээ, хөгжил дэвшилд дөхмөөр байна. Хажуугаар нь бас хэн маань ч гэсэн ажил хийж байхдаа улс төржөөд саад хийхгүй байхыг хүсмээр байна. Манайх өвлийн бэлтгэлийнхээ ерээд хувийг хангалаа. Эдгээр ажлыг хөөцөлдсөөр би ээлжийн амралтаа өдий болтол эдэлж амжаагүй л явна.

-Зайны эмчилгээний талаар дэвшүүлсэн зорилт хэрэгжээд эхлэв үү?
-Энэ ажилд зориулан аймаг орноос зургаан сая төгрөг шийдээд өгсөн. Арван компьютер авсан. Одоо төсөл боловсруулаад уг ажлыг цааш хэрэгжүүлэх үүрэг л үлдээд байна. Холбооноос шилэн кабель орж ирсэн. Одоо нэгэн төвд байрлуулаад Улаанбаатартай холбоод л заавар зөвлөгөө шууд авах боломжтой боллоо.

-Ирэх онд аймаг 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Юу хийх нь зүйтэй гэж та боддог вэ?
-Юуны түрүүнд хариуцлагатай байх нь чухал. Хүн болгон эрхэлсэн ажилдаа эзэн болж өндөр хэмжээний хөдөлмөр бүтээлээр ойгоо угтвал зохино. Нэгдсэн эмнэлгээ далан жилд бид ийм түвшинд хүргэсэн шүү гэж бахдан харуулах хэмжээнд хүргэж, тэгж хэлмээр үгтэй болохын төлөө зүтгэнэ.

No comments:

Post a Comment