Wednesday, October 21, 2009

Сайн явах санааных

Улсын Клиникийн II эмнэлгийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, Клиникийн проф. Д.Цагаан энэ талаар ийн өгүүлжээ.


  • Залхуугүй хөдөлмөрч, ажил амьдралдаа хайртай, ямагт өөдрөг сэтгэхүйгээр амьдрах хэрэгтэй.
  • Эмэгтэй хүн (эрэгтэй хүн ч гэсэн) сайн тогооч болохыг хичээгээрэй. Өглөө , өдрийн хоолыг олон төрөл, чанартайгаас гадна амтлаг, тэжээллэг байлгах нь чухал. Оройн хоолыг унтахаас 3 цагийн өмнө хөнгөн, бага идэх хэрэгтэй. Өглөөний цайндаа нэг аяга сүү, оройн хоолондоо тараг, аарц эсвэл сүү хэргэлэж занших нь эрүүл мэндэд тань наанадаж яс сийрэгжихээс сэргийлэх ач холбогдолтой.
  • Өдрийн амьдралыг хэвшмэл дэгтэй болгох хэрэгтэй. Өглөө эрт босч нэг аяга хүйтэн ус уугаад 20-30 минут салхилж орж ирээд гар нүүрээ угааж, бүх биеэ чийгтэй алчуураар арчих эсвэл сайхан шүршүүрт ороод өглөөний цайгаа уунгаа хөгжим сонсох гэх мэтээр өөрт тохирсон дэглэмийг бий болгон дагах нь амьдралыг тань улам өнгөлөг, эрч хүчтэй болгох вий. Оройн хоолныхоо дараа мөн л хэдэн минут салхилчаад унтах нь сайхан нойрсох нэг үндэс юм. Хоногт 6-8 цаг унтаж амрахыг зөвлөе. Зуны цагт зусланд гарах зэргээр агаарт амрах бас л нэгэн шинэ мэдрэмж, шинэ эрч хүчийг нэмнэ.
  • Огт өвдөхгүй хүн гэж үгүй. Өвчин бол нийгмийн үзэгдэл. Ядуурал, бухимдал, санхүүгийн хямрал гээд өвчин эмгэгийг нөхцөлдүүлдэг нийгмийн аливаа сөрөг үр дагаврыг сөрөн зогсох сэтгэлийн чин зориг хүн бүрт байх хэрэгтэй. Сэтгэлийн хаттай байхад эдгэхгүй өвчин гэж үгүй. Эрт оношилж, зөв эмчилж чадвал эдгэхгүй өвчин гэж бараг үгүй ч өвдсөн хойноо бус өвдөхөөсөө өмнө сэрэмжилж, сэргийлж байх нь зүйтэй юм. Тэр сайн, энэ сайн гэж олон эмч, эмнэлэг, шинжилгээний газраар явалгүй нэг сайн эмнэлэг, нэг сайн эмчид эрүүл мэндээ даатгах нь хэрэгтэй гэж санана. Туйлын тэвчээр хатуужил, эдгэнэ гэсэн чин хүсэл эрмэлзлэл хат байсан цагт үр дүн гарна.
  • Оюуны, суугаа хөдөлмөр хийдэг хүмүүс болж өгвөл өдөрт 2-3 цаг биеийн хүчний хөдөлмөр хийх, ажил эсвэл хичээлдээ явганаар юм уу дугуйгаар ирж очих, спортоор хичээллэх хэрэгтэй. Ер нь хүн бүр байнгын дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Хөдөлгөөн бол амьдрал, бүх амьд биет хөдөлгөөн дээр оршдог хуультай.

No comments:

Post a Comment