Wednesday, October 21, 2009

Шалгалтаар цэцэрлэгүүдийн 70 хувь нь хүнсний стандартын шаардлага хангаагүй гарчээ

Энэ сарын 14-нөөс эхлэн Нийслэлийн төвийн цэцэрлэгийн хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх дүүргийн цэцэрлэгт шалгалт хийжээ.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүүхэд, өсвөр үеийн хяналтын улсын байцаагч С.Энхтуяагаас тодруулснаа хүргэе.

-Шалгалтыг хэзээнээс эхэлсэн бэ?
-18-наас хийж эхлээд өчигдөр дууслаа.

-Нийт хичнээн цэцэрлэг шалгалтанд хамрагдсан бэ?
-Одоогоор нийслэлийн хэмжээнд тоог нь нэгтгээгүй байна. Чингэлтэй дүүргийн хувьд 24 цэцэрлэгт шалгалт хийсэн. Өвчин гарсантай холбоотойгоор бид гал тогоо, хүнсний агуулахад илүү ач холбогдол өгч ажилласан. Цэцэрлэгүүдэд гал тогооний зориулалтын вандан, сав суулга байхгүйгээс гадна хүнсний бүтээгдэхүүнийг сав баглаа, шуудайнаас нь гаргалгүй буруу хадгалснаас муудсан бүтээгдэхүүнүүд илэрч байлаа. Жишээ хэлэхэд тавдугаар цэцэрлэгээс хөгцөрсөн гурил гарсан бол 74-р цэцэрлэгээс муудсан хүнсний ногоонууд гарсан. Мөн багш ажилчдын дийлэнх нь эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй байсан.

-Эдгээр зөрчилтэй байсан цэцэрлэгт ямар арга хэмжээ авсан бэ?
-Шалгалтаар нийт цэцэрлэгийн 70 гаруй хувь нь агуулах, болоод хүнсний стандартчлалын наад захын шаардлага хангахгүй байгаа нь ажиглагдсан. Зөрчилтэй байгаа цэцэрлэгүүдэд сануулга өгсөн. Харин ноцтой зөрчилтэйг нь хаасан. Чингэлтэй дүүргийн X хорооний нутаг дэвсгэрт байрлах "Мөнх Хануй" цэцэрлэгийн үйл ажиллагааг бид өнгөрсөн хоёрдугаар сард зогсоогоод байсан. Гэтэл энэ шалгалтаар зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан нь илэрч 250 мянган төгрөгний торгууль ногдуулж, олсон орлогыг нь улсынх болгож тус цэцэрлэгийг хаасан байгаа.

-Өмнө нь ямар шалтгаанаар хааж байсан бэ?
-Орчин муу, сургалтын материаллаг бааз байхгүй, хамгийн гол нь гал тогоо болон хүнс нь чанарын шаардлага хангахгүй байсан учраас үйл ажиллагааг нь зогсоогоод байсан.

No comments:

Post a Comment