Wednesday, October 21, 2009

Лондонгийн Олимпийн хонх жингэнэж эхэллээ

9 сарын 25-ны Баасан гарагт 2012 оны Лондонгийн Олимпийг Зохион Байгуулах Хороо(ЛОЗБХ)-ноос санаачилан НЭЭЛТТЭЙ ӨДӨР сэдэвт өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн зорилго нь Үндэсний Олимпийн Хороодын гишүүдэд Лондонгийн Олимпийн бэлтгэл ажил ямар түвшинд байгаа, олимпийн өмнө болон дараа бусад орны олимпийн хороодтой хэрхэн хамтран ажиллах талаар МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОЖ ЦААШДЫН АЖИЛЛАГААНДАА ТУСГАХ явдал ажээ.

Өдөрлөгт оролцохоор таван тивийн 10 орны Үндэсний олимпийн хороодын 21 бие төлөөлөгчид, Олон Улсын Олимпийн Хорооны ажилтан, Британийн Олимпийн Нийгэмлэгийн дарга, олимпийн бэлтгэл ажиллагааг хариуцагч салбар тус бүрээс мэдээлэл хийх мэрэгжилтнүүд, Британийн бүс нутаг бүрийн спортын арга хэмжээг хариуцсан зохицуулагчид нийт 50 гаруй хүн хуран цуглав. Миний бие энэ арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагааны даалгавараар Үндсэний Олимпийн Хороог төлөөлөн оролцсон юм.

Төлөөлөгчдөд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох өглөөний арга хэмжээ Лондонгийн санхүү бизнесийн гол төв Canary Warf-д сүндэрлэх 156 метр өндөр, 32 давхар Churhcill Place хэмээх шилэн цамхагт байрлах ЛОЗБХ-ны 21-р давхарт зохиогдлоо. Нар ээсэн, цэлмэг тэнгэртэй эл өдөр шилэн байшингаас бүтээн босголт ид өрнөж буй Олимпийн хотхон бүхэлдээ харагдана.

Арга хэмжээг гардан зохион байгуулагч Британийн Үндэсний Олимпийн Хороо, Үндэсний Паралимпийн Хорооны үйлчилгээ, харилцааны албаны дарга James Macleod өдөрлөгийг нээсний дараа ЛОЗБХ-ны Спорт хариуцсан захирал Debbie Jevans, Британийн Олимпийн Нийгэмлэгийн захирал Colin Moyniham нар Олимпийн бэлтгэл ажлыг хариуцаж буй нэгж хэсгүүд, удирдлагын бүтэц, тэдгээрийн хоорондын ажил үүргийн уялдаа холбоо, мөн шинээр санаачилан хийж буй төслүүдийн талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий бүтэц зохион байгуулалтын талаархий мэдээллийг холбогдох цахим хуудаснаас http://www.london2012.com/about/the-people-delivering-the-games/index.php авч болох тул дэлгэрэнгүй эс өгүүлэв.

Харин олимпийг зохион байгуулагчид нэгэн сонирхол татсан төслийг санаачилсан нь Лондонгийн Олимпийг Британичууд болоод бусад улс орны спортын байгуулагуудын хооронд хэлхээ холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх хөшүүрэг болгон ашиглах зорилготой аж. Төсөл нь Олимпийн тоглолтоос өмнө Үндэсний Олимпийн болон Паралимпийн Хороо нь Британийн нутаг дэвсгэрт байрлах олимпийн шаардлага хангасан 640 гаруй спортын цогцолбороос сонгон тамирчдаа ирүүлж бэлтгэл сургууль хийлгэх боломжоор хангах, ингэснээр олимпийг зохион байгуулах хороо тамирчдаа илгээсэн ҮОХ бүрт 25000 паундын санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ. Үндсэний Олимпийн Хороо нь тухайн бүс нутгийн спортын байгууллагатай шууд гэрээ хийх бөгөөд хамтын ажиллагааныхаа дараа гаргасан зардалтай холбогдох нэхэмжлэлээ ЛОЗБХ -д илгээснээр энэхүү санхүүгийн дэмжлэгийг авах боломж бүрдэнэ. Энэ санаачилга нь

  • гадаадын тамирчид Британийн уур амьсгалд дасан зохицож олимпод амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй тэр бүс нутагт болох олон нийтийн үйл ажиллагаануудад уригдан оролцох боломжоор хангагдах тул ард түмний аж байдал хэл соёлтой танилцах, өөрийн улс орондоо Британийг сурталчилах гүүр болох,
  • тухайн цогцолбор байрлах бүс нутгийн иргэд нь дэлхийн нэртэй тамирчдыг хүлээн авч нөхөрлөл хүндэллийн бодит харьцаа үүсгэснээр нэг талаар залуу хойч үеийнхэний спортоор хичээллэх эрүүл чийрэг өсөж хүмүүжихэд эерэгээр нөлөөлөх, нөгөө талаар тэдгээр тамирчид олимпийг тоглолтын үеэр өөрсдийг нь дэмжин уухайлах орон нутгийн хөгжөөн дэмжигчидтэй болох
  • үндэсний олимпийн хороо болон тухайн бүс нутгийн спортын байгуулагын хооронд урт хугацааны хамтын ажиллагааны суурь тавигдах гэх мэт олон талын эерэг нөлөөтэй гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.

No comments:

Post a Comment