Wednesday, October 21, 2009

Жолооч нар одооноос өвлийн үйлчилгээгээ хийх хэрэгтэй

Намрын cap найм биш юм болохоор нэг л өглөө нэвсийтэл цас орчхоод өвөл ирснийг зарлана. Харин үүнд жолооч нар эртнээс бэлтгэх хэрэгтэй. Өвлийн улиралд автомашиндаа ямар үйлчилгээ хийх ёстой талаар зөвлөгөө өгье.

Жолооч нар одооноос өвлийн үйлчилгээгээ хийх хэрэгтэй. Өвлийн үйлчилгээ гэдэг нь өвлийн дугуй, моторын тос, тоормоз, хөргөлтийн шингэн дээрээс нь шил арчигч шингэн өвлийнх байх ёстой.

Нэгдүгээрт, аюулгүй байдлаа хамгаалахын тулд дугуйгаа солих хэрэгтэй. Манай зарим жолооч нар өвөл зунгүй нэг дугуйтай явдаг. Энэ нь их буруу. Зуны дугуй хатуу резинтэй байдаг учраас халтиргаа, гулгаа өгдөг. Өвлийн дугуйны резин зөөлөн, хээ нь өөр байдаг.

Хоёрдугаарт, тоормоз тэгшхэн, зөв барих ёстой. Тоормоз тэгш бус байвал шарвадаг аюултай. Тиймээс засварын төв дээр очиж шалгуулах нь зүйтэй.

Гуравдугаарт, мотороо хөлдөөчихгүйн тулд хөргөлтийн шингэн, моторын тосоо солих хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, шил арчигчийн шингэн өвлийнх байх ёстой. Яагаад гэхээр цантаад мөстчихсөн шилийг усаар арчихаар арчигчийн зөөлөвч резин нь салаад уначихдаг юм. Тэгээд шилийг чинь зурж муухай болгодог.

No comments:

Post a Comment