Сэтгэл байвал юу ч өөрчлөгддөг
Ажлын байрны эмх цэгцээс эхлээд өөрийнхөө ажлын байранд авах зүйл нь эрэмбэлэгдсэн. Өмнө нь хэрэгтэй, хэрэггүй зүйлс овоолгоотой л байдаг байсан. Ер нь эхний нэг, хоёр жил энэ ажлыг эхлүүлэхэд хэцүү байсан. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөхөд их цаг гаргасан. Гол сургалтууд дандаа энэ чиглэлээр явагдаж байсан.
Өөрчлөлтийн багийн гишүүд үүрэг, зорилгоо тодорхойлоод энэ онд яг юуг хэрэгжүүлж, юу хийх вэ гэдгээ хэлэлцдэг. Тэгэхэд “ЭШ-10/70 №50” эксковатор дээр чанарын дугуйлан байгуулж, ажлын байрны 2С-тэй болгоно гэж үүрэг амлалт авч байсан. Тэр үед энэ бригадын дарга нь тогтдоггүй, олон солигддог байлаа. Тэгээд хоёр жил болоход эмх цэгцэндээ ороод ажил нь эрс сайжирсан. Үнэхээр өөрчилье гэсэн сэтгэл байвал өөрчлөгддөг юм байна гэдгийг мэдсэн. Бригадын даргатайгаа хамтарсан төлөвлөгөө гаргаад мастер нь Чанарын дугуйлангийн ажлаа чиглүүлээд хоёр жил болоход энэ бригад түүхэндээ анх удаа компанийн “Аварга машин бригад” болсон. 1988 оноос хойш 20 дахь жилдээ хамгийн их буюу 1.9 сая куб метр уулын цулын ажил хийсэн.
Өөрчлөлтийн дүнд цагийн бүтээл өссөн
Техникийн хүчин чадал цаанаасаа цагт тэдийг хийх ёстой гээд заачихсан байдаг. Гэтэл 20 жил болчихсон техникт тийм боломж байхгүй. Харин бид норм норматив, хүчин чадал ашиглалт гэсэн ухагдахууныг гаргаж танай машин цагт 235 метркуб уулын цул хутгах ёстой ч гэдэг юм уу, түүнийгээ сар, улирал бүрээр нь тооцож яваад жилийн эцэст гарсан үзүүлэлтээр нь дундажлаж цагийн бүтээлийг нь гаргадаг. Цагийн бүтээл нь өмнөх жилүүдээс хичнээн хувиар өссөн байна хэдэн метркуб цагаар нэмэгдсэн байна гэдгээр нь бүтээмжийг тооцно. Хоёрдугаарт, тэр эксковатор дээр ажиллаж байгаа хүмүүсийн цаг ашиглалт, цагийн нягтрал ямар байгааг гаргадаг. Манайд төсөл хэрэгжсэнээр ээлжиндээ 9.5 цаг бүтээлтэй ажиллах ёстой. Гэтэл манай хэсгийн дундаж бол 8.1 цаг байгаа. 2010 онд бид 9.5-д хүргэх зорилттой ажиллаж байна. Өөрчлөлт, бүтээмжийн хөдөлгөөнийг ярихаас өмнө бүр зургаа, долоо түүнээс бага цаг бүтээлтэй ажиллаж байсан.
Манайд машинч, нэгдүгээр туслах, хоёрдугаар туслах гэж байна. Машинчийн нэг л зэрэг байдаг гэсэн үг. Хийсэн ажлаасаа хамаараад ур чадвар нь ялгардаг. Ээлжиндээ аль болох эвдрэл багатай ажиллаж байвал үр бүтээлтэй ажиллаж байна гэсэн үг.
Эвдрэлийг урьдчилан харж, сольж байна гэдэг хувь хүний мэдрэмжээс ихээхэн хамаардаг. Ялангуяа алхагч эксковаторууд ямар нэгэн тээврийн хэрэгслээс хамаардаггүй учраас боломж их байдаг.
Тээврийн хэрэгслэлээс хамаарсан эксковаторуудын хувьд нэг бол өөрөө эвдрээд зосчихдог, эсвэл машинаа хүлээгээд зосчихдог. Ялангуяа манай нүүрс гаргалтын эксковаторуудын цагийн бүтээлд тээвэр нөлөөлдөг. Мөн гаргалтын эксковаторууд нилээн өндөр хүчин чадалтай боловч борлуулалтын боломжоосоо болоод хангалттай хэмжээнийхээ нүүрсийг гаргаж чаддаггүй. Нэг ёсондоо нөөцөлдөггүй учраас борлуулалт байхгүй. Нэг үе бүр зундаа зогсдог байсан.
Жижиг гэлтгүй хүний санааг дэмжвэл улам ахих боломжтой
Эвдэрсэн техникийг засаж сэлбээд болоод байдаг. Харин хүнийг ажилдаа эзэн болгож сургана гэдэг хэцүү, том ажил. Би таван жил хэсгийн даргаар ажиллаж байгаа гэхэд одоо ч 130 хүнийг алган дээрээ байгаа шиг сайн харж чадахгүй л байна шүү дээ. Хүнийг бригад дотор нь хүмүүжүүлж, зааж сургах үр дүнд хүрч болно гэж боддог. Сургалт явуулж хүмүүсийн ухааныг ямагт тэлж байх, ялангуяа урамшуулж байх хэрэгтэй. Манайх 24 цагаар ажилладаг хүнд үйлдвэр. Хөдөлмөр хамгааллын дүрэм, зааврыг ягштал сайн дагадаг. Энэ бүхэнд заавал гараа зангидаад чи ингэ, тэг гээд байх биш хийх аргачлалыг нь зааж өгөх хэрэгтэй.
Жижигхэн гэлтгүй хүний гаргасан санааг дэмжээд хэрэгжүүлээд явбал урамшаад улам ахих боломжтой гэдгийг бид бүтээмжийн хөдөлгөөний дүнд мэдэж, хэрэгжүүлж байна.
Хүний санааг хэрэгжүүлэхэд зардал гардаг ч түүнээсээ илүү ашиг олдог
Нэг экскаватор дээр дөрвөн ээлж солигдож ажилладаг болохоор зарим хүмүүс техниктээ хатуу, хамаагүй харьцсанаас болж эвдэрч дараагийн ээлж нь дан засвар хийх тохиолдол гардаг байсан. Бүтээмж хэрэгжээд ажиллах орчин нь цэвэр, цэмцгэр болоод хүмүүсийн техникээ өөд татах санаа өрнөөд ирэхээр энэ байдал өөрчлөгдсөн. Ажлын байрны нөхцөлд юуны түрүүнд анхаарч 5С-ийг хэрэгжүүлснээр гарсан гол ач холбогдол нь бүх юм байрандаа байж, илүү хөдөлгөөн хийж цаг алдахгүй болсон. Мөн хүмүүсийн гаргасан саналыг хэрэгжүүлж үр дүнтэй бол бусад бригадуудад нь дэлгэрүүлэхээр эдийн засгийн утгаараа үр дүн нь хурдан гарч байгаа юм. Нөгөө талаасаа хувь хүн санаачлага гаргаад түүнийг нь дэмжих юм бол зардал гарч байгаа ч гэсэн түүнээс илүү их хэмнэлт, ашиг олох боломж байдаг гэдгийг чанарын дугуйлангийн ажил харуулдаг. Манайд хэмнэлтийн тусгай сан байхгүй учраас хүмүүсээ илүү урамшуулах боломж хуулийн хүрээнд байхгүй. Зохих хэмжээнд 30-35 мянган төгрөгийг тухайн хүний гаргасан саналыг хэрэгжүүлсний төлөө өгдөг. Гэтэл 2-3 сая төгрөг хэмнэсэн санал гаргасан хүмүүсийг урамшуулж чадахгүй байна.
Техникийн ашиглалтын хугацаа уртсах тусам эвдрэл ихтэй болдог. Ер нь хөрөнгийн боломжтой бол техникийн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Ялангуяа нүүрс гаргалтан дээр ажилладаг эксковаторуудын нөхцөл хүнд, байнгын доргио чичиргээ, нүүрсний тоос ихтэй. Ажиллах нөхцлийг нь сайжруулж, авдаг цалин хөлсийг нэмэх шаардлага байгаа.
“ЭШ 15/90”-ээс бичиж байна
7
Нэг удаа 15 метркуб буюу 40 тонн хөрсийг хутгах хүчин чадалтай аварга экскаватор 28 жил тасралтгүй ажиллаад их засварт зогсож байлаа. 90 метр урт сумтай, гурван давхар байшингийн дайтай хүчит техникийг 6000 Квт-аар тэжээх бөгөөд хүчдэл бууруулах том, бага есөн трансфоматор, цахилгааны болон автомат удирдлагын шит, цахилгааны хэлхээ гээд бүхэл бүтэн станц ажилладаг. Энэ удаагийн их засвараар цахилгаан, автоматикийн бүх тоноглол, кабелийг сольж байгаа ажээ.
Хажууд нь ажиллах хүмүүс, дэргэд нь зогсох автобус, машинууд хүүхдийн тоглоом шиг жижигхэн харагдана. Нэг цэнэглэхдээ 16 тонн гидро шингэн, 1.4 тонн масло, сардаа 200 кг товууд, мөн тооны тосолгооны бусад материалыг хэрэглэдэг аврага “мангас” шиг техник дээр нэг ээлжинд машинч, туслах нийлсэн дөрвөн хүн ажилладаг байна.
Арван жил тутам их засвар хийх ёстой ч хөрөнгө мөнгө, сэлбэг хэрэгслэлийн гачигдлаас болоод ном ёсоор нь арчлаагүй, ерээд онд орос ах нар буцаад, зах зээлд шилжиж ёстой л болохгүйг нь монголчилж байж өдий дайтай авч явна хэмээн “ЭШ 15/90 №137” бригадынхан ярьж байлаа.
Харин 2004 оноос Багануурын уурхайд хэрэгжүүлж эхэлсэн бүтээмжийн хөдөлгөөний хүрээнд хамгийн анх “5С”-ийг нэвтрүүлснээр экскоаваторын ашиглалт сайжирч, машин бригадын хамт олны бүтээмж ч дээшилсэн байна.
Олон кайзен санаа бага багаар тасралтгүй сайжруулах үндэс болж байна
6
Бүтээмжийн ажлын талаар тус бригадын дарга Монгол улсын “Гавьяат уурхайчин” машинч Н.Мөнхбаяртай ярилцлаа. “ЭШ 15/90” дээр 26 жил ажиллаж байгаа тэрээр 1998 онд “Алтангадас одон” авч, 2002 онд Монгол улсын “Гавьяат уурхайчин” болжээ.
-Анх уурхай дээр “5С” гэсэн плакат, зурагт хуудсыг энд, тэндгүй хадсан харагдаад, учрыг нь сайн ойлгохгүй байсан. Тэгээд уурхайн хүний нөөцийн ажилтнууд ийм ажлыг хийх гэж байна гэсэн саналыг тавьж 5С-ийг уурхайн хэмжээнд манай бригад хамгийн түрүүнд хэрэгжүүлж эхэлсэн.
Ер нь бидний ажлын нэг гол зорилго бол ажлын байраа цэвэр байлгах, бүтээмжтэй ажиллах байдаг учраас шинэ санаа гараад ирэхээр шууд л дэмжсэн.
Орчноо цэвэрлээд цэвэр байх л юм бодож байсан. Харин 1С гээд юу хийхийг маань заагаад өгсөн зааврын дагуу ажиллаад хэрэгтэй, хэрэггүй зүйлээ ялгаад ирсэн чинь бүх зүйл эмх цэгцтэй, замбараатай их сайхан болж ирсэн. Тостой байсан бүгдийг угааж, будаж засаад ирэхээр 20 гаруй жил ажилласан эксковатор маань шинэ юм шиг л болсон доо. Хүмүүсийн ажиллах урам зориг ч дээшилсэн.
Бүтээмжийн ажлын үр дүнд манайхан их өөрчлөгдсөн. Өмнө нь төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө л зүтгэж байсан бол одоо бид төлөвлөгөөгөө яавал давуулах вэ, техникээ яаж сайн ашиглах вэ гэж хоорондоо ярилцдаг, хүн бүрийн бодсон, санасныг хэлэлцэж хэрэгжүүлдэг болсон.
Энэ бол чанарын дугуйлан, кайзен саналыг хэрэглэсний үр дүн. Санааг үнэлдэг болсноор маш их өөрчлөлт орсон. Өмнө нь ШБОС гээд нэг л том юм хийхийг боддог, ихэнх нь санахаас цаашгүй өнгөрдөг байсан. Харин одоо наад захын зүйлийг өөрчлөх санаа гарвал түүнийгээ бичээд өгчихөөр 500-1000 төгрөгөөр урамшуулна. Ийнхүү олон кайзен санаа бага багаар тасралтгүй сайжруулах үндэс болж байна.
Хүзүү сайхан бол нүүр
-
Олонх эмэгтэй нүүрээ байнга торддог мөртлөө хүзүүгээ хайхардаггүй. Хүзүүний
арьс нь хэдийгээр нүүрнийхээс зузаан боловч амархан үрчлээтдэг. Тиймээс
хүзүүгэ...
14 years ago
No comments:
Post a Comment