Wednesday, October 21, 2009

С.Сэрчмаа: "Тэнгэрийн ивээл" киногоо Канн болон Оскарт нэр дэвшүүлсэн

Нэгэн үе "Хайрын дууч" хэмээн өргөмжлүүлж явсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа уран бүтээлийн өнгө аяс, стиль имижээ өөрчилж олныг гайхуулсан цаг саяхан. Гэвч рок попын ертөнцөд тэсрэлт хийсэн поп дива маань мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор хилийн дээс алхсан бөгөөд өдгөө БНХАУ-ын Бээжин хотод суралцаж байгаа билээ. Уран бүтээлийн ажлаа амжуулахын зэрэгцээ, сурч боловсрохоор шийдсэн дуучин бүсгүй маань "Тэнгэрийн ивээл" кинонд хүртэл тоглож амжсан гэдэг. Харин энэхүү бүтээл нь олон улсын кино наадамд нэр сонорыг мялаажээ.

Дуучин С.Сэрчмааг эх орондоо түр ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Эх орондоо ирээд хэр удаж байна вэ, "Холын хүнээс үг сонс" гэдэг шиг явсан газрын сонин сайхнаасаа хуваалцаач?
-Гурав, дөрөв хонож байна. Ирээд хамгийн тү-рүүнд аав ээж, ах эгч, дүү нараа бүгдийг нь дагуулаад цэвэр агаарт гарлаа. Энд байх хугацаандаа амарч тухлахаас гадна ганц хоёр дуугаа бичүүлэх санаатай. Бээжинд байхдаа зүгээр ч нэг эрдэм ном сурсангүй, дуу бичлэгийн студиэр эргэлдэж дуугаа бичүүлж явсан. Хэсэг хугацаанд нам гүм байсан болохоор ч тэр үү, тун удахгүй шинэ цомгоо гаргах бодолтой байна.

Ирэх жил сургуулиа төгсөх учраас эх орондоо шинэ цомогтой болоод ирвэл зүгээр юм болов уу. Сонсогч фэнүүдээ уран бүтээлээрээ таслахгүй байя гэж бодсон. Үүний зэрэгцээ, гадаад орны хэл соёлыг судална гэдэг хүн бүхэнд хэрэгтэй зүйл юм байна тэдгийг маш сайн мэдэрсэн.

-Шинэ цомогтоо ямархуу бүтээлүүд багтаах нь вэ?
-Энэ цомогт маань этник талын бүтээлүүд орно. Монгол үндэстний хэв маягийг харуулсан цомог гаргахыг зорьж байгаа. Гадаадад амьдарч суралцаж байгаа учраас уран бүтээлээ илүү монголжуу болгож, эх орныхоо бахархлыг тусгах хүсэлтэй болж. Урьд нь R&B стиль сонирхож байсан бол, одоо Монгол үндэстний онцлогийг харуулсан бүтээлээ түлхүү оруулах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн дөө. Энэ хүслийнхээ цомгийн ажлаа 50 хувьтай хийж явна. Ээж аавын тухай дуу гээд л нэлээд олон бүтээл орсон шүү.

-Уран бүтээлийнхээ хажуугаар кинонд тоглосон. Яаж яваад дүр бүтээх болчихов оо?
-Тиймээ. Бээжинд байхад минь "Монгол кино" нэгтгэлийн оператор О.Маш, найруулагч Н.Батбаяр нар утсаар Яриад "Наана чинь удахгүй очно. Уулзах хэрэгтэй байна" гэлээ. Тэгэхээр нь "Намайг зорьж ирээд уулздаг учир нь юу билээ. Яасан юм бол..." гэж бодогдоод их сонирхолтой санагдсан л даа. Тэднийг ирэхэд нь уулзсан чинь "Ийм дүр байна. Чи энэ кинонд дуучин Сэрчмаа гэдгээрээ л гарна" гэдэг байгаа. Би ч бүр гайхаад "Хөөх, кинон дээр хүмүүс өөр дүр бүтээдэг. Гэтэл би яагаад өөрийнхөөрөө гардаг билээ" гээд л их сонирхлоо. "Киноны ажлыг "Монгол кино" нэгтгэлийн уран бүтээлчид гүйцэтгэж, гол дүрд нь Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Амбий болон Кино урлагийн дээд сургууль, СУИС-ийг төгссөн залуу жүжигчид тоглоно.

С.Сэрчмаагийн хувьд, бодит төрхөөрөө тайзан дээр дуулахыг харах нь үзэгчдэд ч илүү сонирхолтой санагдах болов уу. Яг дуучин гэдгээрээ өөрийнхөө дүрд тоглох нь кино зохиолд маань ч сайнаар нөлөөлнө" гэж хэлсэн л дээ, найруулагчид. Ингээд саналыг нь дуртайяа хүлээж аваад дөрөв хоногийн хугацаатай Улаанбаатарт ирсэн. Зураг авалтаа Дарханы театр, Сэлэнгийн элсэн дээр хийсэн. Өвлийн улирал дөнгөж дуусч байсан болоод ч тэр үү, их хүйтэн. Нэлээд даарч хөрсөн шүү. Гэхдээ өмнө нь "Удам", "Чиний эзгүй шөнө" зэрэг кинонд тоглож байсан учраас зураг авалтын явцад тулгарах зовлон бэрхшээлийг мэднэ.

-Киноны тань онцлог нь юу вэ?
-Бүх дүрсийг нь 35 мм-ийн "Кодак" хальсан дээр авснаараа онцлог. Зураг авахдаа "За, Сэрчмаа. Ганц хоёрхон удаа л үйлдэл хийнэ шүү. Яг ингэж дуулах хэрэгтэй, дахин дахин зураг авч чадахгүй" гэсэн. Гэтэл клип хийлгэх гээд л энэ тэр зүйлд олон дахин зураг авахуулаад сурсан хүн чинь эхэндээ бүр гайхсан. Учрыг ньлавлатал "Хальс маш үнэтэй. Энэ киног хэдэн саяын үнэтэй хальсаар хийж байгаа учраас олон дахин зураг авах боломжгүй. Тэгээд ч киноноосоо түүвэрлэж, илүү гарсан хальсаараа дуундаа клип хийнэ" гэж тайлбарласан.

No comments:

Post a Comment