Wednesday, October 21, 2009

“Зарим эхчүүд дэндүү хайнга байдаг”

Эхийн хэвлий дэх урагтай ярьж чаддаг байсан бол надтай юу ярих байсан бол. Энэ нь хүн бүрт сонин санагдаж байгаа биз. Тэд нэг иймэрхүүл зүйл ярих байсан болов уу.

-Өөрийнхөө тухай яриач?
-Би одоогоос дөрвөн сарын өмнө ээжийнхээ хэвлийд бүрэлдсэн. Хүн болох гээд л үзэж байна даа.


-Эхийн хэвлийд байх зовлонг сонирхож болох уу?
-Нэг их зовлон гээд байх зүйлгүй ээ. Ганц нэг бэрхшээлийг эс тооцвол амар байна. Гэхдээ томрох тусам хэцүү байна байх л даа. Бас энд их давчуу байх юм. Бушуухан эндээс гарах юмсан.

-Агаар тийм их дутагддаг юм уу?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ үүнийг хүчилтөрөгчөөр нөхдөг.

-Танай аав, ээж хоёр чинь чамайг хүү байгаасай гэж бодож байгаа болов уу, эсвэл охин?
-Өө манай эцэг, эх жаахан хэнэггүй хүмүүс байдаг юм шиг байна лээ. Яриаг нь сонсоод байсан чинь аль нь ч байсан яахав. Хүүхэд л бол хүүхэд юм чинь гээд байгаа юм.

-Тэгвэл чи өөрөө?
-Би эрэгтэй хүүхэд болж төрөх гээд үзэж байна. Гарч байгаад ёстой бужигнуулж өгнө өө.

-Яагаад тэр вэ?
-Манай аав, ээж хоёр чинь жаахан дүрсгүй талдаа шүү дээ. Тэгэхээр хүүхэд эх, эцгээ л дуурайдаг биз дээ. Ямар ч байсан эрэгтэй л хүүхэд болох юм шүү.

-Жирэмсэн эхчүүд витамин, аминдэм их хэрэглэдэг. Энэ нь чамд хир хүндрэл учруулж байна?
-Витамин чинь хуучин шигээ гашуун биш болчихсон болохоор их л таатай байгаа. Манай ээж витаминыг ёстой "хашрааж" байгаа юм чинь. Би лав хэвлийгээс гарснаасаа хойш нэг хэсэгтээ л витамины дутагдал энэ тэр гэж санаа зовохгүй байх. Витамин гэдэг эд чинь нэг бодлоороо ашигтай юм байна гээч. Тэгээд ч би ер нь их чийрэг хүүхэд болно байх аа. Бас цагаан царайтай. Манай ээж амин дэм ихтэй юу л байна, тэр бүгдийг идэж байгаа юм чинь. Сүү, тарагнаас эхлээд уух юм.

-Ээжийнхээ тухай яриач?
-Манай ээж нэлээд хүнд ажил хийдэг юм шиг байна лээ. Одоохондоо сайн мэдэхгүй байна. Тэгээд нэг ядрахаараа даралт нь нам унана. Тэгээд ирэхээрээ гэдэс нь эвхрэлдээд, надад үнэхээр хэцүү байдаг юм.

Түүнээс биш намайг дааруулчихгүй юмсан гээд их л хичээж явдагт нь маш их баярлаж явдаг. Зарим ээжүүд чинь жирэмсэн мөртлөө л янз бүрийн зүйл хэрэглээд л байдаг юм билээ. Дэндүү хайнга байгаа хэрэг л дээ.

Энэ нь бидний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Амьгүй, гажигтай төрөх гээд олон эрсдэл бий. Хаа ч гэж миний ээж тийм биш. Бас зарим нь аборт хийлгэнэ гээд л дайрчих юм. Тийм л байсан юм бол яах гэж хүүхэд бүрэлдүүлдэг байна. Тэгж биднийг зовоох хэрэггүй шүү дээ.

-Сүүлийн асуултыг чамд үлдээе?
-Баярлалаа. Жирэмсэн эхчүүдийг болгоомжтой байхыг хүсч байна. Бас идэх зүйлээ яг тааруулж, амин дэм ихтэй, чанартай хүнс хэрэглээрэй гэж хэлье. Тэгвэл бид эрүүл саруул, чийрэг хүүхэд болж хорвоод мэндлээд та нарыгаа баярлуулна шүү дээ.

No comments:

Post a Comment