Wednesday, October 21, 2009

“Вашингтон таймс”-д Монголын тухай

Монгол орны зүгт хараа сунгаж, манай улсад болж буй үйл явдлыг уншигчиддаа байнга шуурхай мэдээлдэг, АНУ-д нэр хүндтэй “Вашингтон таймс” сонин Монгол Улсад 2009 оны 5 дугаар сарын 24-нд явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг мэдээлж, шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэсэн ёслолыг нэлээд өргөн сурталчилсан билээ. Эл сонины 6 дугаар сарын 24, 25-ны дугаарт нийтлэгдсэн Монгол Улстай холбогдолтой нэжгээд мэдээ болон редакцийн нийтлэлийг орчуулсанаа дор сонирхуулъя.

Монголын ялгуусан алдар

Монгол Улсад явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд өнгөрсөн долоо хоногт албан тушаалдаа орсон шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Сенатаас Монгол Улсын ардчилсан ололт амжилт, АНУ-тай тогтоосон, улам бүр өргөжиж буй түншлэлийг нь сайшаасан тогтоол батласантай холбогдуулж Сенатын Гадаад бодлогын хорооны дарга, Массачусэттс мужаас сонгогдсон Ардчилсан намын сенатч Ж.Керри, Индианна мужаас сонгогдсон, уг хороонд нэр хүндтэй, Бүгд найрамдах намын сенатч Ричард Г.Лугар нар хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “Монгол Улсад явагдсан чөлөөт, шударга сонгууль, засгийн эрхийг тайван замаар шилжүүлсэн үйл явц тус улс ардчилсан шинэчлэлийн үйлсэд тууштай байгааг дахин нотлон харууллаа. Монгол Улсын анд бөгөөд түнш, Монголын ирээдүйд хөрөнгө оруулагчийн хувьд АНУ нь улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлэхийг эрмэлзэж байна” гэж дурджээ. Хоёр сенатчийн эл мэдэгдэлд Гадаад бодлогын хорооны гишүүн, Виржина мужаас сонгогдсон, Ардчилсан намын сенатч Жим Вэбб, Аласка мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын сенатч Л.Мурковский нар хамтарсан байна.

Жэфэрсон ба Монгол улс

Чингис хааны өлгий нутагт олон намын ардчилал түгэн дэлгэрэв.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжин орсон 1990 оноос хойш анх удаа улс төрийн сөрөг намаас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангаргаа өнгөрөгч долоо хоногт өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

Ардчиллын тууштай агаад тэсвэр тэвчээр шаардсан урт аян бид бүхний сонирхлыг эрхгүй татаж байна. Улс төрийн намууд засгийн эрхийг тайван замаар шилжүүлдэг болоогүй аливаа орныг жинхэнэ ардчилсан улс гэж нэрлэх аргагүй.

Сонгууль явуулах хялбар. Харин эрх баригч нам нь ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч зайгаа тавьж өгнө гэдэг ондоо хэрэг юм.

Эрх барьж буй элит хэсэг нь олон нийтийнхээ хүсэл эрмэлзлийг хүлээн авч чадахгүй байгаагаас Иранд тогтворгүй байдал үүсээд байна. 1800 онд Ардчилсан намын нэр дэвшигч Томас Жэфэрсон шаргуу кампани өрнүүлсэний үр дүнд Холбооны улсыг дэмжигч Жон Адамсийг ялсаныг Монголд саяхан явагдсан сонгуультай зүйрлэж болно. Бүгд найрамдах намын залуухан нэр дэвшигч энх тайван тогтоохыг эрмэлзсэн. Түүний эгэл жирийн атал хүчирхэг өөрчлөлт дэлхий нийтийн хүндэтгэл, ард түмний итгэлээр улам гүнзгийрсэн билээ.
Монгол Улс коммунист дэглэмээс салсан цагаасаа хойш ашигт малтмалын арвин нөөцөө аль болох оновчтой ашиглах чөлөөт зах зээлийн бодлогыг явуулж ирсэн. Чингэснээр тус орны эдийн засгийн чадавхи эрс дээшилж, улс төрийн либераль орчноо мөн хадгалж чадсан. “Фридом хаус” байгууллага Монгол Улсыг эрх чөлөөтэй орон хэмээн дүгнэж буй нь захиргаадлын тогтолцоотой Орос, Хятадын хооронд оршдог, энэ орны хувьд үнэхээр амжилт мөн.

Монгол Улс АНУ-ын тууштай анд, холбоотон байж Ирак болон Афганистаны байдлыг тогтворжуулах хүчин чармайлтад цэрэг дайчдаа илгээж оролцуулсаар байна.

Ардчилын замаар урагшлан хөгжих Монгол Улсын энэхүү амжилттай алхамд бид бүхэн баяр хүргэхийн сацуу манай хоёр орны хоорондох эдийн засаг, боловсрол, соёлын хэлхээ холбоог бататган бэхжүүлэх талаар Америкийн Нэгдсэн Улс дорвитой ахиц гаргана хэмээн найдаж байна. Хоёр талын шугамаар Чөлөөт худалдааны хэлэлцээрийг эцэслэн тохирч Монгол Улсад дэмжлэг үзүүлэхийг бид Б.Обамагийн захиргаанд уриалж байна. Энэ нь Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаанд үлгэр дууриал үзүүлэх болно. Аюул заналхийлэл улам бүр нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд АНУ-тай ойртон нөхөрлөх нь ашигтай гэдгийг бусад улс оронд илтгэн харуулах шаардлага бидэнд тулгарч байгаа юм.

Төрийн департамент дарангуйлагч дэглэмтэй улсуудад хүрч харьцах гээд зав чөлөө багатай байгаа хэдий боловч тоглоомын дүрмийг хүндэтгэн дагадаг Монгол мэт шинэ залуу ардчилсан олон улсыг марталгүй санаж байх нь чухал байна. Монгол Улс нөхөрлөлийн халуун гараа хэдийнээ АНУ-д сунгачихаад байна. Б.Обамагийн засаг захиргаа түүнийг хүлээж авах л үлдээд байна. Тэгнэ ч байх хэмээн найдаж байна.

No comments:

Post a Comment