Wednesday, October 21, 2009

Зүрх судасны өвчин хөдөлмөрийн насныхныг "мэрж" эхэллээ

Дэлхийн зүрхний өдрийг энэ онд "Ажлын байранд эрүүл зан үйлийг төлөвшүүлснээр зүрх судасны өвчин ба харвалтыг бууруулна" уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхий дахинд есдүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэсээр ирсэн.


Эрүүл мэндийн яам, Монголын мянганы сорилтын сан, Монголын зүрхний холбоо хамтран энэ өдрийн хүрээнд олон ажил төлөвлөсөн байна. Тухайлбал, ирэх ням гаригт Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулсан урлагийн тоглолт, ажлын байранд хийх дасгал, хөдөлгөөн, гимнастикийн үзүүлэх тоглолт зэргийг зохион байгуулах юм. Хүн амьдралынхаа гуравны нэгийг ажлын байрандаа өнгөрүүлдэг байна. Тиймээс ажлын байранд тамхигүй орчныг бүрдүүлж, өдрийн хоолондоо байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж, 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийснээр зүрх судасны өвчин, харвалтаас сэргийлж чадна гэж үздэг.

ДЭМБ-ын тооцоолсноор 2005 онд нас баралтын 60 хувийг (35 сая хүн) зүрх, тархины цус харвалт, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин эзэлж байжээ. Тодруулбал, ДОХ, сүрьеэ, хумхаа, хоол тэжээлийн дутлаас шалтгаалсан нас баралтаас хоёр дахин их гэсэн үг. Манай улсын хүн амын нас баралтын шалтгааныг зүрх судасны өвчин 1991 оноос эхлэн тэргүүлж жил ирэх тусам нэмэгдэх болжээ. Сүүлийн үед дээрх өвчин хөдөлмөрийн насны хүн амын дунд их тархах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа. Өмнө нь дээрх өвчнөөр эрэгтэйчүүд өвчилдөг байсан бол одоо эсрэгээрээ болжээ.

Үүнийг ихэнх эмэгтэйчүүд амьдралын хүндийг үүрч байгаатай холбож болох гэнэ. Хэрэв зүрх судасны өвчнөөр өвчилсөн бол бүрэн эмчлэгдэхгүй юм. Жил бүр дэлхийн хэмжээнд зүрх судасны өвчнөөр 1.7 сая хүн нас бардаг аж.

No comments:

Post a Comment