Wednesday, October 21, 2009

Зорьсондоо хүрэх сайхан гэхдээ...

Хүн бүрийн сэтгэлд хүсэл мөрөөдөл гэж байдагтай адил, туйлын зорилго ч гэж байдаг.
Харамсалтай нь зорилгодоо хүрнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм. Зорилгодоо хүрэхийн тулд ямар ч аргаар хамаагүй муйхарлан зүтгэдэг хүмүүс ч бий.
Тэгвэл зорьсондоо яаж хүрэх вэ?

Зорилго чинь тодорхой байх ёстой!
- Ийм зорилго хэрэгтэй үгүйг сайтар тунгаан бод,
- Биелүүлж чадах эсэхээ сайтар тооцоолж үз! Харин,
- Орой хоол идэхгүй,
- Энэ жил хоёроос гурван хэл сурна гэх мэтийн хийсвэр, хэрэгжих боломжгүй эргэлзээтэй зорилго бүү тавь!

Зорилго чинь амьдралд ойр байх ёстой!
Юуны түрүүнд тавьсан зорилго чинь тодорхой байх ёстой. Бас танд ямар нэг байдлаар ашигтай байх ёстойг анхаар. Олон зорилго тавьсан бол тэмдэглэл хөтлөвөл эргэн санахад чинь амар байх болно. Учир нь ямар ч ой ухаан сайтай хүн бодсон санаснаа мартчихдаг гэмтэй. Эцэст нь нэмж хэлэхэд зорилгодоо хүрэхийн тулд юу мэддэг, чаддагаа дайчлах хэрэгтэй.

Зорилго чинь бусдынхаас өөр байх ёстой!
Зорилготой байна гэдэг бусадтай барьцахыг хэлдэггүй юм. Тийм учраас "Тэр машин авна гэсэн авчхаж, байраа солино гээд байсан сольчихож" гэх мэтээр бусдын ололт амжилтанд бүү атаарх. Ийм байдал нь өмнөө тавьсан зорилгоо орхих, бусадтай барьцах, атаархаж жөтөөрхөх байдалд хүргэнэ. Хүн бүрт өөр өөрийн өмнөө тавьсан зорилго, өөрийн амьдрал гэж байдаг. Бүгдээрээ адилхан байх албагүй болохоор тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө л зүтгэх хэрэгтэй.

Ганцхан зорилго гэж байж болохгүй.
Зорилгодоо хүрнэ гэдэг ямар ч тооцоо төлөвлөгөөгүй муйхраар зүтгэнэ гэсэн үг биш. Амьдрал баян байдаг шиг өмнөө тавьсан зорилго чинь олон хувилбартай байх ёстой. Зорилгоо хэдий чинээ уян хатан, цаг үетэйгээ нийцүүлж чадна тэр хүн л амжилтанд хүрнэ.

Зорилгодоо хүрэх гээд байдгаа барж болохгүй
Ямар ч юмыг хийхэд тодорхой хэмжээний зарлага гардаг. Гэхдээ зорилгодоо хүрэх гэж байгаа гээд ямар ч тооцоо судалгаагүй хамаг хөрөнгө мөнгөө урсгавал эцэст нь хоосон хоцорно. Зорилгодоо хүрэхийн тулд хэн нэгнийг дайлж цайлаад бэлэг сэлт өгөөд гүйдэг хүмүүс байдаг. Гэтэл энэ бүхнийхээ эцэст зорилго ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх ч тохиолдол бий. Тооцоогүй зүтгэж оюун ухаан хийгээд эд хөрөнгөө үрэн таран хийхгүй байхыг санууштай.

No comments:

Post a Comment