Wednesday, October 21, 2009

Дэлхийн боловсролыг Тайванд эзэмшицгээе!

Тайваны гайхамшиг буюу үсрэнгүй хөгжлийн нууцаас...

Эх газраас зүүн өмнө зүгт Номхон далайн эрэг дагуу сунаж тогтсон жижигхэн арал бол Тайван. Хагас зууны өмнө ядуу буурай байсан энэ улсын ид шидийн гэмээр үсрэнгүй хөгжлийн нууц нь юу байв.

Тайваны арал нийт 36000 км кв газар нутагтай, 23 сая хүн амтай, газар нутгийнх нь гуравны хоёрыг уул нуруу эзэлдэг тул дэлхийн хамгийн их нягтаршил бүхий улс орнуудын нэг. Гэсэн хэдий ч гайхалтай хөгжсөн дэд бүтэц, зам тээвэр, сайтар төлөвлөсөн газар зохион байгуулалт нь хотын иргэд тав тухтай оршин суух нөхцлийг бүрдүүлсний зэрэгцээ хөдөө орон нутгийн иргэд нь ч газар тариалан эрхлэн хангалуун сайхан амьдарч байна.

Тайваны нийслэл Тайрэй хот нь хоёр сая таван зуун мянган хүн амтай. Тэнгэр баганадсан олон барилгатай бөгөөд хамгийн өндөр нь болох Дэлхийн санхүүгийн төвийн 101 давхар цамхаг Тайваны хөгжлийн билэг тэмдэг болон сүндэрлэдэг. Нутаг дэвсгэр багатай болохоор газрыг сайтар ашиглах бодлоготой. Метро нь гэхэд л газраас доошоо 2-3 давхар байдаг. Хотын зохион байгуулалт нь ерөнхийдөө Японы хотуудыг санагдуулам цэвэр цэмцгэр. Тайван иргэдийн амьдралын хэв маяг ч Япончуудтай төстэй бөгөөд тавиад жилийг Японы колоничлолд өнгөрүүлсэн нь тэдний амьдралын хэв маяг, соёл, ёс заншилд ийнхүү нөлөөлжээ.

Дэлхийн 2-р дайны дараа гэхэд Тайван жилд 1,6 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 196 ам.доллар байлаа. Харин өнөөдөр Тайван Азийн дөрвөн Бар улсын нэг хэмээгдэж 2008 оны байдлаар 424,1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 18,306 ам.долларт хүрчээ. Тайваны эдийн засгийн үсрэнгүй хөгжил дэлхий дахиныг гайхашруулсан бөгөөд "Тайваны гайхамшиг" гэдэг нэр томъёо ч хүртэл бий болжээ. ОУВС болон Дэлхийн Банкнаас Тайваны эдийн засгийг судласны үр дүнд дээд түвшний буюу өндөр орлого бүхий эдийн засаг гэсэн ангилалд багтаагаад байгаа юм. Энэ улсын хөгжлийн замнал, туршлага нь хөгжиж буй орнуудад үлгэр дууриал, загвар болох боломжтой хэмээн сүүлийн үеийн судлаачид, эдийн засагчид үзэж байна.

"Газар нутаг багатай, байгалийн баялаггүй манайд хүн гэдэг ганц л баялаг байлаа. Ингээд Засгийн газраас хүнээ хөгжүүлэхийг гол зорилт болгож боловсролд ихээхэн анхаарсан. Тиймээс манай улсын хөгжлийн түлхүүр бол боловсрол юм." гэж Тайванчууд ярьдаг.

Тайваны хөгжлийн бас нэгэн нууц нь техник технологийн өндөр хөгжил юм. 1980 оноос хойш Засгийн газраас мэдээллийн технологийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, өнөөдөр Тайван компьютер болон электроникийн үйлдвэрлэлээрэй дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж чадсан.Тайван шинжлэх ухаан, технологийн гурван том парктай. Хамгийн том нь Шинжүгийн парк. Төрийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, мэдээллийн технологийн үйлдвэрлэл хөгжих орчныг энд жинхэнэ утгаар нь бий болгосон байна. Тайванчууд хоёр гурван жилийн дараа дэлхийн зах зээлд гарах бүтээгдэхүүнийг өнөөдөр ч хийчихсэн байдаг тухай мэргэжлийн хүмүүс гайхан ярьж байна. Мэдлэг оюуны эрин үед Тайванчууд хурдтай, эрчимтэй нэгдэж хамтран ажиллах уриатай. Тайваны ард түмний хөдөлмөрч, уйгагүй зан чанар тэдэнд сайхан ирээдүйг нь бий болгосон. Тэднээс сурч мэдэх зүйл монголчууд бидэнд их бий. Тайваны төр засгаас боловсролын салбарт явуулж буй бодлогын хүрээнд орчин үеийн, өндөр хөгжилтэй Тайванд сурч боловсрон Монгол эх орноо хөгжүүлэх боломж залуучуудын маань өмнө өдрөөс өдөрт нээгдсээр байна.

No comments:

Post a Comment