Wednesday, October 21, 2009

Махлаг эмэгтэйчүүд хэрхэн хувцаслах ёстой вэ?

Махлаг эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн гол асуудал бол хувцаслалт байдаг. Та хэрвээ жин ихтэй бол энэ асуудал танд маш хүндээр тавигддаг болох нь гарцаагүй юм. Бид туранхай харагдахын тулд хар бараан хувцас өмс гэж зөвлөхөөс илүү зүйлийг хэлж чаддаггүй шүү дээ. Гэтэл байнга хар хувцас өмсөж явна гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс танд тус болох үүднээс мэргэжлийн хүмүүсийн зөвлөдөг зөвлөгөөг танд өгье.

Хэрвээ та хар бараан хувцасыг байнга өмсөөд байж болохгүй бол цээжээ хэт ил гаргасан зүйлийг бүү өмс. Махлаг эмэгтэйчүүд ихэнхдээ том хөхтэй байх бөгөөд цээжээ ил гаргах нь илүү тарган, махлаг болгож харагдуулдаг байна. Таны цээж хэсэг илүү махлаг байлаа гээд таны бүх бие махлаг болж харагдах албагүй шүү дээ. Тиймээс биеийнхээ галбирыг харуулсан хувцаснуудыг бас өмсөх хэрэгтэй юм. Цээжин хэсгээр өмсөх цамцыг сонгохдоо V хэлбэрийн захтай цамцыг сонго. Энэ нь цээжийг тань нарийн, урт харагдуулах болно. Цамцны ханцуйг цээжний дунд хэсэгт дуусгахаар сонгож болохгүй юм.
Учир нь тэдгээр хэсгүүд цээжний хэсэгт анхаарлыг төвлөрүүлж, таны тарган байдал нийтэд илүү тод харагдах болно. Өмд сонгохдоо суудал өндөртэй өмднөөс татгалзах хэрэгтэй. Суудал өндөртэй өмд нь таны биеийг илүү богино харагдуулж, ташаа хэсэгт анхаарлыг татдаг. Костьюм, өмд, юбканууд илүү энгийн байх тусмаа сайн. Гэхдээ хэт энгийн буюу дөрвөлжин харагдаж болохгүй. Хувцасны материалын хувьд ноосон материалыг сонгохгүй байсан нь дээр. Даашинз бол махлаг эмэгтэйчүүдийн хувьд сайн найз байж чадна. Ер нь ямар ч даашинз зохих боловч V хэлбэрийн захтай байвал илүү сайн харагдах болно. Юбканы хувьд өвдөгний бага зэрэг доогуур байх нь таныг илүү туранхай гоолиг харагдуулна. Та хэрвээ судалтай хувцас сонгох гэж байгаа бол хөндлөн судалтай хувцас ер сонгож болохгүй.
Энэ нь таныг илүү өргөн харагдуулах болно. Харин уртаашаа судалтай хувцасыг сонговол таныг урт, нарийн харагдуулах болно шүү. Гуталны хувьд хэт өндөр, хэт намханыг сонгох хэрэггүй ба дундаж байх нь хамгийн тохиромжтой. Жин ихтэй хүмүүс ихэнхдээ том харагддаг учир өндөр өсгий таныг илүү том, сүртэй болгож харагдуулах болно. Мөн хэт нарийн өсгийг сонгож болохгүй. Энэ нь таныг маш болхи харагдуулах ба таныг илүү махлаг харагдуулах болно. Мэдээж цайвар өнгийн хувцаснаас татгалзах хэрэгтэй. Ер нь хүн өөрийн биеийн гоолиг хэсгийг цайвар өнгөөр тодотгож, харин нууж далдалмаар байгаа хэсгээ хар бараан өнгөөр далдалдаг. Хэрвээ та харвин хэсгээрээ илүү их махтай бол хэт бие барьсан зүйл өмсөж болохгүй ба аль болох гэдсээ гаргахгүй байсан нь дээр. Мөн махлаг хүмүүс хөлрөх нь их байдаг тул аль болох даавуун материалыг сонгоорой.

No comments:

Post a Comment