Monday, December 14, 2009

Үүрд хамт байгаач, Ээж ээ

Eejee.jpgЭЭЖЭЭ, ЭЭЖЭЭ, ЭЭЖЭЭ Эгэл сайхан энэ л хэвээрээ Үүрд хамт байгаач ЭЭЖЭЭ Эрх танхил энэ л хэвээрээ Үр нь хамтдаан байя ЭЭЖЭЭ.
 
Ардын зураач Дагдангийн Амгалан 1962 онд оюун билиг төгс жигдэрсэн 29 насандаа монгол түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдсэн алдарт ЭЭЖЭЭ Сайн байна уу зургаа бүтээжээ.

Ээжээ хэмээн эргэн санах бүрийд хар балчирхан бага насны гэнэн цагаахан ой тойнд үлдэж хоцорсон нэгэн зураг санаанд орох билээ. Энэ зургийг харах бүрийд хэмжээлшгүй их эрч хүч төрж хүй энэ орчлонгийн хамгийн ариухан дүр зураг өөрийн эрхгүй сэтгэлд тодрон буух. Хараад хараад ханашгүй энэ сонгодог зургийг харах бүрийдээ шинэ бодол төрж, хайрлаад хайрлаад гүйцэшгүй бууралхан ээжийгээ үгүйлэн өрөвдөн санах билээ. Чухам ийм учраас www.bayanmongol.com Эхийн хайр уралдааныг зарлахдаа энэ зургийг сонгож авсан учиртай. Чухам ийм учраас монгол түмний минь нэгэн их алдарт хүний тухай өгүүлэхгүй байхын аргагүй.
 
Ардын зураач Дагдангийн Амгалан Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт 1933 онд мэндэлж нялх бага насандаа эцгээс өнчирч элбэрэлт эхийн ачаар хүний зэрэгт хүрчээ. Хар бага наснаас зураг зурах дуртай бяцхан хүү 13 насандаа хүүхдийн зургийн уралдаанд түрүүлэн 1945 онд сууриа тавьсан Дүрслэх урлагийн дунд сургуульд 14 насандаа оюутан болж ухааны ур, нүдний ур, гарын ур чухамхүү гурван ухаан төгс хосолсон авьяас билигт зураач болох замаа эхэлжээ.
 
23 насандаа залуу насны хүсэл тэмүүлэл болсон Москвагийн уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байх зуураа 2 настай балчир охиноо хараад сэтгэл уярч 1962 онд оюун билиг төгс жигдэрсэн 29 насандаа монгол түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдсэн алдарт ЭЭЖЭЭ зургаа бүтээжээ. Эрдэнэт зураач маань Элбэрэлт эхийнхээ ачийг ингэж л хариулж чаджээ. Ийм л авьяас билигтэй монгол түмний үр сад байх юутай ч бахархалтай билээ.

Их зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн Монголын уран зохиолын алтан санд орсон “2 настай Ро” шүлэгт Нүд нь дүгрэг бөгөөд харавтар Тунгалаг толийн гэрэлтэй Шүд нь хурц бөгөөд жижиг Цагаан лавайн өнгөтэй дүрсэлсэн шиг хамгийн өхөөрдөм, гэгээн ариухан, анхил балчирхан, хорвоогийн хар цагааныг танин мэдэхээр тэмүүлэн шулагнаж, тэнтэр тунтар алхалан гүйж, ЭЭЖЭЭ хэмээн уйлан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх 2 настай охиныхоо хонгорхон дүрийг хараад Д.Амгалан зураач маань амгалан энэ хорвоог дүрсэлсэн зургийн санаагаа олсон аж.
 
Амгалан амгалан амгалан
Энэ ертөнцийин түмэн амгалан
Түүний дотроос нэгэн амгалан
Эхийн сэтгэл чухам амгалан (Их зохиолч Д.Нацагдоржийн Жаргалан шүлгийн хувилбар)
 
Нарны алтан цацраг тосон гэрэл гэгээ өөд тэмүүлж яваа балчирхан хүүхэд, үгүй ээ, хувинтай ус барин үрийнхээ өмнөөс нар шиг мишээн дөхөн ирж яваа ижийгээ тосон булбарайхан биетэй балчирхан үр нь гараа алдлан баацагнан гүйж яваа энэ гайхамшигт зургийг ахин ахин ажих бүрийд дор бүхнээ тайлаагүй ойлгоогүй нууцлаг ертөнц тодрох билээ. Хорвоог яаж зурахаараа ингэж хар цагаан хоёрхон өнгөнд багтааж чаддаг байнаа.
 
Хорвоогийн хамаг явдлыг Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог Азийн цээжинд нутагтай
 
хэмээн нэрт зохиолч Мишигийн Цэдэндорж “Морин хуур” шүлэгтээ тодоор дүрсэлсэн шиг эх үрийн амин хүйн холбоог, гэрэлтэн гийх нарны туяагаар зүйрлүүлэн хорвоогийн хамаг дүр зургийг хар цагаан өнгөөр сүлэн зураглаж чаджээ. Хамаг бүхний сэтгэлд хоногшсон энэ бүтээлийг гагцхүү хар бага наснаасаа эхийнхээ ачийг үнэрлэн өссөн идэрхэн монгол зураач бүтээх ийм хувьтай байжээ. Алтан нарны цацраг юутай хүчтэй билээ. Энэ дэлхийн түнэр харанхуйг үргээж амьтай бүхэнд амьдрал бэлэглэх. Алтан нарны энэхүү долгиолон цацрах цаглашгуй их гэрэл гэгээ шиг эх хүний сэтгэлийн ариун хайр юутай зүйрлэшгүй билээ.
 
Сүүдэр нь жижигрэн жижигрэх хайртай ээжийгээ тосон гүйх жаахан охин маань ижий шигээ том болж, зураг амилж 46 намрыг бууралтан үджээ. Эрвийсэн сормуустай, бумбайсан хацартай, сарвайсан бамбагар хөөхөн гартай, сэвлэг ариухан сөөсгөр үстэй, тонтгорхон биетэй баацайсан хөлтэй, балчирхан хүүхдийн булбарайхан жаахан цослог төрхийг харсан хэний ч хайр өөрийн эрхгүй төрөх билээ. Ёстой л хүүхэд насандаа эргэн очих шиг, хорвоогийн хамгийн аз жаргалтай мөчүүд эргэн ирэх шиг,ижийгээ тосоод гүйх шиг санагдах юм. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэх ардын мэргэн сургаал үгийн утгыг ч бас энэ зураг сануулах мэт санагдах. Балчирхан охины харц наран өөд тэмүүлсэн байхад эхийин харц үрээ ширтэх аж. Ээжийгээсээ томоо харагдах өхөөрдөм төрх, булбарайхан жаахан гар нь нарны цацраг мэт сарвайж, энэ хорвоогийн хамгийн их ачтан ээжийгээ тосон тэврэх шиг. Үрийнхээ төлөө хөдөлмөрлөн амьдралын их ачааг тээж яваа цагаан сэтгэл, цагаан сүү хоёроор баян эх хүнийг, хорвоогийн хар цагаан өнгийг тэнцүүлэн амьдралын шим тэжээл рашаан ус мэлтэлзсэн хос хувин барьсанаар дүрслэн үзүүлсэн мэт. Эх хүний уран гоолиг биеийг нарны сүүдэр дор хэрхэн дүрслэхээ зураач бас мартсангүй.. Юутай ч яруухан зураг билээ... ЭЭЖЭЭ зургийг санах бүрийд, зургийн нэрнээс ч хүртэл эх хүний цаглашгүй хайр үнэртэх юм даа.
 

No comments:

Post a Comment