Monday, December 14, 2009

Стандартын бус ардчилал руу

Гурван сарын өмнөх УИХ-ын сонгуулийн дараагаар хөвөрсөн үйл явдлын өрнөлийг ажиглаваас нэг л дүгнэлт гарна. Монголд ардчилал, хүний эрхийг эртнээс бэлдсэн маш нарийн зохиолын дагуу хумиж байна даа гэж.


Сонгуулийн албан ёсны дүнг зарлаагүй байхад С. Баяр тэргүүтэй МАХН бид яллаа хэмээн баяртайгаар мэдэгдэн сонгогч олноо алмайруулсан. Цаашид юу болсныг энд нуршсаны хэрэггүй биз. Анхаарал татаж буй зүйл бол тэвчээр нь барагдсан олны дунд эмх замбараагүй байдал руу өдөөн турхирагч хэдэн этгээд байсан тухай мэдээлэл. Хаанахын хэн байсныг тогтоох хөг одоо өнгөрөө биз. Энгийн хувцастай цагдаагийн ажилтан хүртэл байсан тухай үйл явдлын гэрч залуу хэлсэн нь бий.

Цугларсан олонд тайлбар хийх гэж МАХН-ын нэг ч албан тушаалтан гарч ирээгүй. Удирдлагүй болсон олон түмэн МАХН-ын байр руу дайрч цагдаа нартай зодолдож, чулуу нүүлгэсэн. Байдал ноцтойгоор эргэх нь хэнд ч тодорхой. Гэвч МАХН ч, Засгийн газар ч шуурхай арга хэмжээ аваагүй. Хүчрэхээ байсан хэдэн цагдааг золиосонд гаргаад зориудаар нөхцөл байдал хурцдахыг хүлээсэн гэмээр.

МАХН-ын байр шатаж эхлэв, дээрэм тонуул, сүйтгэл Соёлын төв өргөөг ч хамрав. За одоо болно гэсэн шиг Ерөнхийлөгч Н.Энхбаярын тушаал гарч, онц байдал зарлав. Цагдаа, цэргийн хүчээр жагсагчдыг бүслэн 1930-аад оны хэлмэгдлээс хойш үзэгдээгүй хоморголон баривчилгаа өрнөн нэг дор 900 орчим хүнийг хорьж, зодож занчин хүчээр хэрэг хүлээлгэх бусармаг ажиллагаа эхэлсэн.

Иргэдийн эсрэг буу шийдэм хэрэглэж, таван хүний амийг авч одов. 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлыг санагдуулам аймшигт шөнө биш гэж үү. Жагсах, цуглахыг одоо хэр хориглосоор. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л дуугүй суулт хийж байсан иргэдийг баривчилав. Улс төрийн хоригдолтой болж эхлэх нь дээ, ардчилалаараа бахархдаг Монгол Улс.

Онц байдал зарлахад төрийн мэдлээс бусад бүх телевизийн үйл ажиллагааг хаасан нь олон хүнийг сэрдхийлгэсэн. Ард түмэнд бодит байдлыг хүргэхээс эмээсэн гэхээс өөрөөр үүнийг яаж тайлбарлах вэ. Ардчилсан хувьсгалаас хойш ийм зүйл тохиогоогүй юмсан.

Ер нь л энэ ардчилал, ардчилагч гэгчид чинь яван явсаар ийм л үр дүнд хүргэдэг юм даа гэж харуулах гэсэн ч юм шиг. Жагсагчдыг нийгмийн шаар, архичид, дээрэмчид мэтээр харуулах оролдлого тэр үед мөн ч идэвхтэй хийгдсэн дээ. Сонгуулийн будилаан луйвараас олны анхаарлыг ядаж хэд хоногоор ч хамаагүй холдуулан энэ хооронд ямар нэг арга олох гэсэн алхам ч гэж уншигдахаар.

Дараа дараагийн үйл явдал зохиолын дагуу өрнөсөн гэмээр. ИХ намын удирдагч О. Магнай, Ж. Батзандан нарыг хорив. Уран илтгэгч Ц. Элбэгдорж АН-ын даргаасаа огцорч, халааг нь Н. Алтанхуяг авав.

С. Баяр нам дотроо нэр хүнд, нөлөөгөөрөө тэртээ тэргүй тасарчихсан хүн, түвэггүйхэн эвслийн Засгийн газар байгуулах гэнэтийн саналаа зөвшөөрүүлэв. Толгойгоо сольсон АН ч эвслийн Засгийн газар байгуулах саналыг дорхноо хүлээн авав. О.Магнай, Ж.Батзандан нар ч АН, угтаа МАХН-ын эгнээнд намаа дагуулан дагаар орж дуугаа хураав.

С.Баяр ч баяртай, ер нь бүгд баяртай. Ганцаардалд автан улс төрийн цогцос болох дөхсөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл түүний аясаар. Одоо С.Баярт сөрөг хүчин байхгүй, өрсөлдөгч үгүй.

Дэндүү танил технологи. Рейхстагийг шатаан бүх бурууг коммунистууд руу чихээд Германы төрд цойлсон национал-социалист нам, А.Хитлертэй МАХН болоод С.Баярыг зүйрлэх гэсэнгүй. Гагцхүү хойд хөрш Орост КГБ-ийн офицер В.Путиний хэрэгжүүлсэн технологи л санагдаад. Монголд өрнөж буй энэхүү үйл явцад С.Баярыг Москва удирдаж байна уу даа гэх сэжиглэл хүртэл төрөх болсныг нуух юун.

ЗХУ-ын сүлд дууллыг сэргээн хэрэглэх зарлиг гаргасан В.Путин улс орныхоо геополитикийн нөлөөллийг эргүүлэн сэргээх тал дээр Кавказ, Ойрхи дорнод, Зүүн Европ, Төв Ази гээд олон бүс нутагт идэвхтэй, бүр түрэмгий бодлого явуулж буй. Сүүлийн жишээ гэхэд Гүржид цэргээ оруулсан явдал. В.Путин Хятадаас Сибирийг зааглах чухал завсрын орон зай Монголд ч нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүсч буй нь тодорхой.

Гэвч нэг зүйлийг тэмдэглэхэд, С.Баяр бол хашир туршлагатай, мэдлэг боловсролтой, шийдмэг улстөрч. Түүний стандартын бус гэж нэрийдээд буй эвслийн Засгийн газарт уул уурхайн томоохон орд газруудыг ашиглах үйл явцыг эхлүүлэн ард олны материаллаг амьдралыг өөд нь татаж, улс орноо эдийн засгийн хувьд хөл дээр нь босгох магадгүй сүүлчийн боломж олдож байж болох.

Нөгөөтэйгүүр манайд ардчиллын зарчим сүүлийн жилүүдэд алдагдаж, улс төрийн намууд том бага гэлтгүй деградацид орон үнэндээ төрийн тогооноос хувь хүртэх гэсэн увайгүй хүмүүсийн бүлэглэл болж хувирсан шүү дээ. Тэрхүү бүлэглэлүүдийн өрсөлдөөн төрийн механизмыг гацаанд оруулсаар нэлээд удсан. Тийм бүлэглэлүүдэд идүүлээгүй цөөн улстөрчийн нэг бол С.Баяр яах аргагүй мөн.

Ард олноо тайвшруулж, улс төрийн хүчнүүдийг эвлэлдүүлэн хүчийг нь нэгтгэн улс орноо хөгжүүлэхийг зорьж байгаа бол С.Баярт амжилт хүсэхээс өөр яахав. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, ардчилал, хүний эрхийг золиослон эдийн засгаа хөгжүүлнэ гэвэл Монголын хувьд нэг байтугай шат хойш ухарсан хэрэг болно.

Цагдаа маягийн улсад хэдэн бор төгрөг олоод юу ч хараагүй, сонсоогүй, яриагүй гэж явах хүн өнөө цагт ховор болж. Монголд чөлөөт хэвлэл, үг хэлэх эрхийг бүдүүлгээр зөрчдөг, улс төрийн бодит сөрөг хүчингүй, бэлгэдлийн чанартай сонгуультай, нэг хүний дарангуйлал тогтсон Орос шиг хуурамч ардчилал хэрэггүй. Үүнээс олон хүн эмээж байгаа, олон хүн ч эсэргүүцнэ.

С. Баярын тэмүүлээд буй стандартын бус ардчилал тийм л битгий байгаасай...

No comments:

Post a Comment