Wednesday, May 19, 2010

Ус үнэгүй-ус бүхнээс үнэтэй

Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх, сэтгүүлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, нийтлэл нэвтрүүлгийн чанарыг сайжруулж, илүү хүртээмжтэй болгох зорилгоор Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан “Ногоон дэлхий” клубээс өнгөрөгч баасан гарагт “Ус-Хүн хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад клубын гишүүн сэтгүүлчид болон Усны газрын орлогч дарга З.Батбаяр, Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдлага, БОАЖЯ-ны төлөөлөгч оролцож, устай холбоотой тулгамдсан асуудлыг хөндөн, харилцан мэдээлэл солилцсон юм.

Дэлхий дээрх нийт усны зөвхөн гуравхан хувь нь ундны цэвэр ус байдаг бөгөөд шууд ашиглах боломжтой нь дөнгөж нэг хувь байдаг аж. Тиймээс усыг хайрлаж хамгаалах нь зөвхөн аль нэг улс орны асуудал бус дэлхий нийтийн хамгийн чухал асуудал байсаар ирсэн. Хэдийгээр сүүлийн үед далайн усыг давснаас нь цэвэрлэх технологийг өндөр хөгжилтэй орнуудад нэвтрүүлж байгаа ч ялгасан давсаа хаана “шингээх” вэ гэдгийг бүрэн шийдэж чадахгүй байгаа аж. Мөн бас нэг хүндрэл нь ийнхүү цэвэршүүлж гаргасан нэг литр ус нэг литр шатахуунтай өртгийн хувьд дүйх юм байна.

Дэлхий дээрх усны нөөцийн ихэнх хувийг гадаргын ус, өчүүхэн бага хувийг газрын гүний ус эзэлдэг. Харин гүний ус хүний хэрэглээнд тохирох илүү цэвэр байдаг байна. Тиймээс ч хүн төрөлхтөн хаана цэвэр ус байна түүнийг хэрэглэхийг эрмэлздэг. Манай улсын хувьд ч хэрэлгээний усны дийлэнх хувийг гүний ус эзэлдэг байна.

Усны газрын орлогч даргын хийсэн эдгээр мэдээллээс зарим тоо баримт ихээхэн анхаарал татсан юм. Тухайлбал, дэлхийн хэмжээнд усны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс уул уулрхайн салбар дөнгөж хоёрхон хувийг эзэлж байхад манай улсад 20 гаруй хувьтай байна. Мөн усыг үнэгүй хэрэглэдэг цөөн улсын нэг нь манай орон аж. Бидний усанд төлдөг мөнгө бол усны үнэ биш ус тээвэрлэсний, ус дамжуулах хоолой ашигласны төлбөр гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Аливаа үнэгүй зүйлд хүн хайр гамгүй ханддаг учраас өнөөдөр бидэнд усны хомсдлын аюул нүүрлэх ойрхон байгааг санууллаа. Цаашид усыг хамгаалахын тулд үнэ цэнэтэй болгох, бүх нийтээрээ усны тоолуур ашиглах зэрэг наад захын арга хэмжээг яаралтай авахаар ажиллаж буйгаа салбарын мэргэжилтэн ярьж байна.

Ус бол амьдралыг тэтгэгч юугаар үнэлж болшгүй эрдэнэ. Усны тухай шинжлэх ухааны тоо томшгүй баримт, мэдээлэл байдаг ч өдгөө хүн төрөлхтөн усыг бүрэн гүйцэд таньж, нууцыг нь тайлж чадаагүй байна. Өнөө­гийн технологийн дэв­шил хүн үйлдвэрлэх хэмжээнд хүрсэн ч усыг бий болгох аргыг хэн ч олж, нээж чадахгүй байгаа билээ.

Энэ удаагийн сургалтад оролцогчид БОАЖЯ, Усны газраас Геоэкологийн болон Ус цаг уурын хүрээлэнтэй хамтран Нидерландын Вант улсын Засгийн газрын санхүүжилтээр 2008-2012 онд хэрэгжүүлж буй “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөлтэй танилцаж, цаашид усаа хэрхэн хамтран хамгаалах талаар санал бодлоо хуваалцлаа.

Дэлхийн дулаарал, хүний үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ус хомсдож байгаа ч байгаль орчныг хамгаалах эрх зүйн таатай орчныг бүрдүүлээгүйгээс улс орны хувь заяа ихээхэн хамаардаг аж. Манай улсад гол усыг хариуцаж хамгаалж байх сүбьект нь “Сав газрын зөвлөл” байхаар Усны тухай хуульд заасан ч энэ бүтэц цаасан дээр л байдаг тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага хэлж байна. Одоогийн байдлаар манай улс усны сав газраа 29 хэсэгт албан ёсоор хуваажээ. Тэгэхээр ийм тооны Сав газрын зөвлөл ажиллаж учиртай. Гэвч Орхон-Сэлэнгийн гэх мэт цөөн тооны сав газрын зөвлөл үр дүнтэй ажиллаж, ихэнх нь ор нэр төдий байгаа гэнэ. Ийм байдлаар хариуцах эзэнгүй, хариуцлага тооцох механизмгүй болохоор хэн дуртай нь ус гол бохирдуулж, ирээдүйгээ хайр найргүй балласаар байна.

“Ногоон дэлхий” клубийнхэн байгаль хамгааллын сэдвээр цаашид олон ажил зохиохоор төлөвлөж буй бөгөөд БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн сан, Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран ажиллаж байгаа юм.

No comments:

Post a Comment