Wednesday, May 19, 2010

Тун удахгүй хүүхдүүд паркад бужигнана

Бяцхан багачууддаа сайхан мэдээ дуулгая. Үндэсний соёл амралтын хүрээлэн ажиллахаа больсноос жилдээ ганц болдог хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай хавиар эргэлдэж, чихэр шоколадаар хууртаад л буцдаг болсон. Тэгвэл энэ жил шинэчлэгдсэн паркийн эхний хэсэг ашиглалтад орж, хүүхэд багачууд маань хүссэн тоглоомоороо ханатлаа тоглох боломжтой болох нь ээ.

Гүйцэтгэгч компани нь хэдийгээр зургадугаар сарын 1-нд амжихгүй ч гэлээ ирэх долдугаар сарын 8 гэхэд ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж байгаа бөгөөд засвар, шинэчлэлтийн ажил өнөөдрийн байдлаар 70 хувьтай байна. Тиймээс Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр паркийн ажлын явцтай танилцлаа.

Тэрээр ажлын явц сайн байгааг үнэлээд, цаашид хийх ажлаа цаг хугацаанд нь амжуулахыг захилаа. Биднийг очиход алсыг харагч, гинж, савлуур, морин тойруулга зэрэг хүүхдүүдийн тоглох дуртай 12 тоглоомыг угсарчихсан байлаа. Галзуу хулгана гурван замтай байсан бол одоо зургаан замтай болж, олон хүүхэд зэрэг суух боломж бүрджээ. Шинээр суурилуулсан алсыг харагч өмнөхөөсөө 10 метр өндөрсөж, нийслэлийг 45 метрийн өндрөөс тольдох бололцоотой болох нь. Үүнээс гадна онч мэргэнээ шалгахыг хүсч байвал нэг байшинд нь буу, дартс гэх мэт тоглоомоор тоглож байхад нөгөө байшинд нь бөмбөг шидэж оноо цуглуулах зэрэг тоглоомуудыг суурилуулах гэнэ.

Бидний үеийнхний сэтгэлд үлдсэн хиймэл нуурыг ч сэргээн засварлаж, нэлээд өргөсгөжээ. Нуурын голд байрлах том цайзад ресторан ажиллах гэнэ. Цайзын хоёр талаар усан оргилуур байрлуулснаар хүмүүс өдөр битгий хэл шөнө ч таатай орчинд тухлах боломжтой болох юм. Паркийн хашааны гадна 400 гаруй автомашины зогсоол барьж, төв хаалгаар оронгуут “Фүүд корт” гэсэн том барилга угтах юм. Энд хүүхдүүд аав ээжтэйгээ хооллохоос гадна гэр бүлийн боулинг, автомат тоглоомуудаар тоглох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн паркийн дунд задгай театр байгуулах бөгөөд тэнд хүүхэлдэйн кино гаргах дэлгэц, хүүхэлдэйн театр, урлагийн тоглолт зохион байгуулах зориулалттай. Хүүхдүүд хажууд нь зогсож, зургаа авахуулах дуртай 12 жилийг дүрсэлсэн хөшөөг ч сэргээжээ.

Цоо шинээр хийж буй нэг зүйл бол мөсөн талбай. Энэ талбайд хүүхдүүд өвөл, зунгүй гулгаж болох юм байна. Учир нь хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор хийсэн уг талбайг Испаниас оруулж ирж байгаа тул зуны халуунд ч тэшүүрээр гулгах боломжтой аж. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн дэд захирал, төслийн удирдагч Б.Батнягт “Тоглоомууд ерөнхийдөө бэлэн болсон ч бид чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд дор хаяж 20 хоног туршилт, тохиргоогоо хийх ёстой.

Хамгийн гол ажил болох орчны тохижилт, ногоон байгууламж үлдээд байна. Газрын хөрс, сууриа бэлтгэсэн тул одоо асфальтан хучилт хийж, явган хүний зам тавина. Өнөөдрийн байдлаар 18 тэрбум 103 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа боловч цаашид 12 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Эхний ээлжинд 8 га газарт суурилуулсан 12 тоглоомыг ашиглалтанд оруулах юм.



Цаашид 22 га талбайд хүүхэд, залуусын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнгөрсөн онд 350 мод суулгасан. Усалгааны систем бэлэн болсон. Цаашид ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бидний тарьсан мод бүхэн сайн ургаж байгаад өдөр тутмын арчилгаа нөлөөлж байгаа. Их гоё орчин бүрдүүлэхийг л зорьж ажиллаж байна. Таван жилийн дараа гэхэд парк маань танигдахын аргагүй болж, жинхэнэ үндэсний соёл амралтын хүрээлэн болно гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Цаашдаа жил тутамд хоёр шинэ тоглоом оруулж ирэн байнга шинэчилж байх гэнэ. Мөн дараагийн ээлжинд ашиглалтад орох хэсгүүд нь барилга дотор байх бөгөөд тэнд хүүхэд залуучууд амралт, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөх төвүүдийг нээхээр төлөвлөжээ. Тиймээс хүүхэд залуус гэлтгүй хэн боловч Үндэсний соёл амралтын хүрээлэнд заавал зургадугаар сарын 1-нд бус хүссэн өдрөө, бүр өвөл зунгүй зочлох үе удахгүй ирэх нь ээ.

No comments:

Post a Comment