Wednesday, May 19, 2010

Хүүхдээ зөв хооллож сургацгаая

Хүүхдийг анхны сараас эхлээд эрүүл ахуйн зөв хүмүүжилд сурган, түүнийгээ баяжуулан хөгжүүлэх, хэвшүүлэх нь сургуулийн өмнөх болон сургуулийн насны үед хийгддэг. Энэ нь ариун цэвэр, эрүүл ахуйн соёлын зөв дадал бий болгох, түүнийг нь байнга давтан хэвшүүлэх ажлыг эцэг, эх, эмнэлэг, сургуулийн ажилтнууд хамтран гүйцэтгэж байдаг.

Энэ ажлын хүрээнд зөвхөн хооллох соёл эзэмшүүлэх ажил ч багтаж байдаг. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролын байгууллага энд онцгой үүрэгтэй. Хүүхэд бага ангид орох үедээ энэ соёлыг бүрэн эзэмшиж авсан байх ёстой. Гэтэл зарим хүүхэд үүнийг бүрэн эзэмшээгүй байх нь элбэг тохиолддог. Хоолны ширээнд суухын өмнө зохих бэлтгэл хийж сурсан байх хэрэгтэй.

Энэ нь хооллох соёлын нэг хэсэг. Хүүхэд хооллохын өмнө үсээ самнан, хувцасаа янзалж, гараа угаагаад хоолны ширээнд сууна. Энэ талаар насанд хүрэгчид зөв үлгэр дууриалал үзүүлж байх хэрэгтэй. Хооллох ширээг аятайхан засах нь хоол идэх хүслийг төрүүлдэг гэдгийг хүн бүхэн мэднэ. Эцэг, эх нь хүүхдэдээ таваг, аяга, ширээний хэрэглэлээ зөв нямбай хэрэглэх талаар байнга зөвлөж хэлж өгөх нь зүйтэй.

Сургуулийн өмнөх насны хүүхдийг зөв хооллож сургахад ширээ засалт их чухал. Хүүхдэд таваг, аяга, халбага, сэрээ, талх, салат, зууш тавьсан ширээнд хэрхэн сууж, хооллох талаар багаас нь дагуулж сургах нь үр дүнтэй байдаг. Халуун шөлтэй хоолыг олгохдоо хүүхдийн хөдөлгөөнийг сайн бодож анхааруулга өгөн, өөрөө байнга дэргэд нь байж хооллох хэрэгтэй.

Энэ нь хүүхдийг халуун хоолонд түлэгдэхээс сэргийлэхэд тустай. Хооллосны дараа бохир таваг, аягыг ширээнээс авч цэвэрлэнэ. Хүүхдээ сургуулийн дунд ангид орох үед таваг, аягыг угаалгаж сургах нь зүйтэй. Үүнийг өөрийнх нь үүрэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй байдаг. Хоолны хэрэглэл, ам арчих даавуу, цаас зэргийг эвхэх аргыг сургуулийн өмнөх сургалтын байгууллага сургасан байдаг.

Үүнийг мартуулахгүйгээр гэртээ хийлгэж байх нь зүйтэй. Гэр бүлийн гишүүн бүр сэрээ, хутгыг зөв хэрэглэж байх нь хүүхдэд нөлөөлнө. Хүүхдийг амаа том ангайлгалгүй, дуу чимээ гаргахгүй сайн зажилж идэж сургах хэрэгтэй. Сайн зажлах нь хоолыг шүлстэй хольж, өгснөөр нүүрсусны задралыг дэмждэг ферментийн үйлчилгээг нөхцөлдүүлж өгдөг.

Мөн сайн зажлах нь зажлах эрхтэний уйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй мэдрэлийн тогтолцоог тайвшруулах нөлөө үзүүлдэгийг эрдэмтэд тогтоожээ. Бас хүүхдийн 6-7, 13-15 насанд явагддаг шүдний ургалт, бэхжилтэд сайн нөлөө үзүүлдгийг анхаарах хэрэгтэй.

No comments:

Post a Comment