Wednesday, May 19, 2010

Эмэгтэйчүүд мөнгөтэй харьцахдаа ямар алдаа гаргадаг вэ?

Бүсгүй хүн бүрт бусдаас хараат биш амьдрах хүсэл бий. Ялангуяа эдийн засгийн хувьд. Гэсэн ч мөнгө, карьер, бизнес бол эрчүүдийн тоглоом. Тэдэнд бүх хөзөр байдаг гэсэн ойлголт тэдэнд саад болсоор ирсэн. Гэхдээ энэ ойлголт өнгөрсөн зуунд л ноёрхож байсан гэдгийг санах хэрэгтэй. Товчоор хэлбэл бүсгүй танд мөрөөдөлдөө хүрэх боломж байна гэсэн үг. Харин эмэгтэй хүн мөнгөтэй харьцахдаа ямар алдаа гаргадаг, санхүүгийн хамааралгүй амьдрахын тулд юунаас зайлсхийж байх хэрэгтэй вэ?

1. Хэвшсэн ойлголт
Та үзэг цаас аваад хүүхэд ахуй үеэс өнөөг хүртэл бүх л амьдралын туршид мөрдөж ирсэн хэвшмэл ойлголтуудаасаа жагсаан бичээрэй. Энэхүү жагсаалтын хамгийн түрүүнд мөнгө олох нь эр хүний ажил, харин хүүхдээ өсгөх, хоол хийх нь эмэгтэй хүнийх хэмээн бичигдэх байх. Тэгвэл орчин цагт гэр бүлийн хоёр, хоёулаа ажил эрхлэх шаардлагатай болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эмэгтэй хүн тав тухыг бүрдүүлдэг ч "гар, толгой хоёроо зэрэг ажиллуулах" шаардлагатай гэдгийг мартаж болохгүй.

2. Ханхүүг хүлээх
Олон залуу бүсгүйчүүд ажлаа түр зуурын үзэгдэл мэтээр ойлгодог. Тэд хөнгөхөн амар жимэр амьдарч, бүх л цалингаа хувцас, гоо сайхны хэрэгсэлд зориулж, мөрөөдлийн ханхүү нь гэнэтхэн тэнгэрийн хаяанаас гараад ирчих мэт хүлээж суудаг. Тэгвэл өнөөгийн ертөнцөд сайн дурын ивээн тэтгэгч нар улам бүр цөөрч, ихэнх эрчүүдийн харц амжилт дүүрэн эмэгтэйчүүд дээр тусах болсон.

3. Эр хүний хувиа хичээсэн занг өөгшүүлэх
Эр хүний хувиа хичээсэн, бардам занг нь хөндөхөөс эмээн, гэр бүлийн санхүүгийн асуудлыг зөвхөн түүнд л хариуцуулдаг. Харин танаас илүү зохицуулж чадна гэдэгт итгэлтэй байж чаддаг уу? Энэ асуултыг өөртөө тавьж, эргэцүүлж бодох хэрэгтэй.

4. Санхүүгийн асуудлаа хэлэлцэлгүйгээр хамтын амьдралаа зохиох
Гэр бүл болохдоо хэлцэл хийх тухай ойлголт манайд байдаггүй. Гэр бүлийн хүнтэйгээ санхүүгийн асуудлаа хэрхэн удирдах, үүрэг хариуцлагаа хэрхэн хуваарилах талаар ярилцаж, тохиролцох нь утгагүй хэрэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Магадгүй үүнээс болж, гэр бүлээ цуцлах үед эмэгтэйчүүд амьдралын ямар ч баталгаагүй үлддэг тохиолдол элбэг байдаг талтай.

5. Өөрийн санхүүгийн байдлын талаар ойлголтгүй явах
Та хэр хэмжээний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй байгаа вэ? Та хэр хэмжээний орлого олдог, орлогын ямар ямар эх үүсвэртэй байдаг вэ? Хадгаламжиндаа хэр зэрэг мөнгө хуримтлуулсан бэ гээд өөрийн хөрөнгө санхүүгийнхээ талаар хэр ойлголттой байгаагаа тодорхойлох хэрэгтэй.

6. Санхүүгийн мэдлэгээ үл хайхрах
Санхүүгийн үйл ажиллагааг хэрхэн хөтлөх талаар бичсэн олон мянган ном товхимол, интернет сайтууд байдаг. Эдгээрийг нямбай судалж, анхан шатны боловч ойлголттой болчихвол өөрийн санхүүгийн хамааралгүй амьдралдаа бүрэн итгэл олж авч чадна. Та аль ч улсад амьдардаг бай ямар ч настай байсан өөрт хэрэгтэй мөнгийг олж чадна.

7. Хөрөнгө оруулалттай хамт хураах
Мөнгийг хураах биш харин өсгөж хадгалах хэрэгтэй. Мөнгийг эргэлдүүлэх хэрэгтэй. Сард зуун мянгыг зориулахад хэдэн жилийн дараа та багагүй мөнгөний хуримтлалтай болно. Хамгийн бага хэмжээгээр оруулсан ч голох хэрэггүй. Америкийн анхны хар арьст саятан эмэгтэй С.Ж.Уокер Өмнөдийн тариалангийн талбайд хэдхэн центээр ажиллахаас гараагаа эхэлж байсан гэдгийг танд дуулгая.

8. Тооцоогүй шопинг
Маргааш нь юу ч үгүй болтол шопинг хийдэг зуршилтай бүсгүйчүүд цөөнгүй. Моод хөөгч бүсгүйчүүд зарим үед сэтгэл хөдлөлдөө автан ямар ч утгагүй худалдан авалт хийдэг. Хэдэн сарын дараа хэнд ч хэрэггүй зүйлсээ хэрэглэсэн ч юмгүй хаяцгаадаг. Энэ бол сэтгэл санаагаа өргөх, уйтгараа тайлах л нэг арга.

9. Хамааралгүй байхын айдас
Бидэнд хамааралгүй, бие даасан эмэгтэй ганцаардах юм шиг санагддаг. Мөн санхүүгийн эрх чөлөө нь феминизмээс улбаатай мэт санагддаг. Тэгвэл санхүүгийн эрх чөлөө нь эмэгтэй хүний дур булаам байдалд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хүссэн амьдралаа бий болгоход бусдын тусламжийг олон жил хүлээснээс өөрөө хийсэн нь дээр.

No comments:

Post a Comment