Wednesday, May 19, 2010

Хүний галбираар эрүүл мэндийг шинжиж болно

Анагаах ухаан болон биологийн, ялангуяа антропологийн шинжлэх ухааны хөгжлийн явцад хүмүүсийн бие бялдар, сэтгэл зүйн ерөнхий байдал, онцлог шинжүүдийг тал бүрээс нь нарийвчлан судалдаг. Үүний үндсэн дээр хүний бие галбирын байдлыг янз бүрээр ангилж, бүлэглэж иржээ.

Хүнийг бие бялдар, сэтгэл зүйн онцлогоор ийнхүү хэв шинжүүд болгон ангилж авч үзэх нь эрүүл мэндийн байдал хийгээд нэгэнт туссан өвчин эмгэгийн илрэл, явцын онцлогийг бодитой үнэлэхэд чухал байдаг.

Орчин үед хүмүүсийг бие галбирынх нь зарим өвөрмөц шинжүүдээр бүлэглэн ангилах арай өөр харьцангуй өргөжүүлсэн шинэ зарчим гарсан. Үүнд хүний бие галбирын дараах таван хэв шинжийг томъёолсон байдаг.

1. Грациаль - буюу гунхмал хэв шинж: Ийм хэв шинжийн галбиртай хүний бие давжаа, жин, эзлэхүүн бага, намхан нуруутай, мөч нь нарийхан, арьс нь хүртэл нимгэн бөгөөд үйл ажиллагааны нөөцийн хувьд харьцангуй бага, мэдрэл сэтгэцийн тогтвортой чадвар муу хөгжсөн, парасимпатик мэдрэлийн үйл давамгайлсан байх зэрэг онцлогтой.

Харин булчингийн хэмжээг биеийн жинд нь харьцуулахад сайн, хүч тамирын хувьд муугүй боловч тэсвэр муутай байдаг. Их төлөв судасны цохилтын тоо нь цөөн , артерийн даралт бага талдаа байх хандлагатай бөгөөд тэдгээр нь биеийн ачааллын үед төдийлөн хэлбэлздэггүй онцлогтой байдаг.

2. Астеник - буюу горзгор хэв шинж: Ийм галбир бүхий хүн гол төлөв нуруу өндөр, мөч урттай, цээжний хэлбэр хавчигдуу, мөрний өргөн, биеийн жин, арьсан доорх өөхлөг эдийн зузаан нь хангалттай биш боловч, хүч тэсвэр сайтай, хурд багатай байдаг.

Сэтгэцийн хувьд зөөлөн сэтгэлтэй, итгэмтгий, мэдрэмтгий, шулуун гүндүүгүй зантай, юманд тэвчээртэй, хүлээцтэй, анхааралтай ханддаг, ой болон сэтгэх чадвар сайтай, вегетатив мэдрэлийн тогтолцооны үйл харьцангуй тэнцвэртэй, оюуны хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, бодисын солилцооны эрчмийн хувьд дунд зэрэг байдаг.

З. Гиперстеник - буюу лагс хэв шинж: Ийм хэв шинжтэй хүн биеийн ерөнхий хөгжил сайтай, нэлээд балцгар галбиртай, дундаж өндөртэй юмуу ялимгүй намхан, их биетэйгээ харьцуулахад хөл нь богиновтор, арьсан доорх өөхлөг эд нь зузаан. Тайван нөхцөлд үйл ажиллагааны өндөр идэвхтэй, сэтгэцийн үйлийн тогтвортой, симпатик мэдрэлийн үйл давамгайлдгаараа бусад хэв шинжүүд бүхий хүмүүсээс ялгагддаг.

Ийм төрлийн хүмүүсийн судасны цохилт хурдан, артерийн даралт харьцангуй өндөр байх бөгөөд эдгээр нь биеийн хүчний ачааллын үед илт нэмэгддэг тул ачаалал даах чадвар муутай. Биед бодисын солилцоо эрчимтэй явагддаг ба амьсгалын үйлийн чадавх сайтай.

4. Атлетик - буюу бадриун хэв шинж: Ийм хэв шинжтэй хүн дундаас дээш өндөртэй, жингийн хувьд гиперстеникт дөхөж ирдэг ба мөр, цээж, бүсэлхий, бөгсний өргөний хувьд нормостениктэй адил. Харин булчингийн чадал, уушгины багтаамжаараа бусдаас илүү байдаг. Мөч бүдүүн байдгаараа бусад хэв шинжүүдээс онцлог.

Зүрх судасны тогтолцооны дасгалжилт сайн, бие тэсвэртэй, хурд сайтай, зан авирын хувьд харьцангуй тогтуун, уужим сэтгэлтэй байдаг. Мөн биеийн хүчний ачааллыг сайн даадгаараа сэтгэцийн үйл бууралттай, симпатик мэдрэлийн үйл давамгайлдгаараа онцлог.

5. Нормостеник - буюу алтан дундаж хэв шинж: Ийм хүн биеийн хэлбэр галибар, жин өндрийн харьцааны хувьд грациаль ба астеник, мөн атлетик ба гиперстеникийн хоорондын дундаж хэв шинжийг агуулсан байдаг. Ийм хүний вегетатив мэдрэлийн тогтолцоо тэнцвэртэй, үйл ажиллагааны нөөцийн төвшин бага зэрэг бууралттай, сэтгэцийн үйлдлийн хувьд дунд зэргийн чадавхтай байдаг.

No comments:

Post a Comment