Wednesday, May 19, 2010

Импортлогчид шатахууны ханшийг өсгөх хуйвалдаанаа эхэлжээ

Манай хойд хөрш ОХУ ирэх сарын 1-нээс нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа тонн тутамд 10 ам.доллароор нэмж байгаа. Энэ нь манай импортлогчдод нууцаар хуралдаж, үгсэн хуйвалдах шалтаг болж байна.

Тэд өчигдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хурлын танхимд цугларч, онцгой албан татварыг бууруулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж өгөхийг хүсчээ. Татварыг бууруулахгүй бол үнийг өсгөхөөс аргагүй гэдэг ээлжит "шантааж"-аа эхлэв. Гэм биш зан, гэнэт биш хууч нь ийнхүү хавар, зуны заагаар сэдэрлээ.

Эдийн засагчид "Онцгой албан татварыг бууруулж, бүр тэглэж ч болно. Гэхдээ ОХУ экспортын татвараа дөнгөж 10 хувиар өсгөсөн шүү дээ. Энэ нь импортлогчид шатахууны үнийг хөөрөгдөх хангалттай шалтгаан биш" гэж үзэж байна.

Дэлхийн зах зээлд ч газрын тосны үнэ унасаар байгаа юм. Нью-Йоркийн түүхий эдийн биржид өчигдөр газрын тос баррель нь 71,67 ам.доллар, "Блүүмберг" сайтад мэдээлснээр биржүүдийн дундаж ханш 76 "ногоон" байлаа. Харин өнгөрсөн сард энэ ханш тогтвортой буюу 84 ам.доллар байсан юм.

Зах зээлийн хууль манай улсад эсрэгээрээ. Шатахууны үнийг өсгөхөөр гүрэлзэж байгаа импортлогчдод хэрэглэгчдийн нуруун дээр ирэх эдийн засгийн дарамт огтхон ч хамаагүй бололтой.

Тэдний "дархан мэх"
"Амташсан хэрээ 13 дахина" гэгчээр Монгол Улсын Засгийн газрыг ард түмэнтэй нь "шантаж"-лаад сурчихсан тэдний хувьд шатахууны үнийг өсгөх дарамт эхний удаа биш. Амралтын өдрүүдээр аль эсвэл даваа гарагын өглөө ажилдаа гарахад нь ханшийн самбар дээрх тоо өсчихсөн угтдаг. "Авбал ав, байвал бай" гэсэн янзтай, жишим ч үгүй хэрэглэгчдээ доромжилсон энэ үйлдэл хэрэх хэтэрлээ.

No comments:

Post a Comment