Thursday, December 3, 2009

ЭРҮҮЛ ЗАЛУУ БАЙЛГАДАГ ЭНГИЙН РАШААН

ЭРҮҮЛ ЗАЛУУ БАЙЛГАДАГ ЭНГИЙН РАШААН
Та үргэлж залуу сайхнаараа, эрүүл чийрэг амьдрахыг хүсвэл байнга исгэлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ямар ч эм тангаас дутахгүй үйлчилж, хүний биеийг юугаар ч солимгүй аминдэмээр тэтгэж байдаг өвөрмөц ундаа бол айраг, тараг, хоормог зэрэг исгэлэн бүтээгдэхүүнүүд байдаг гэнэ. Эдгээр бүтээгдэхүүнд төрөл бүрийн витамин, уураг, хүчил, өөх тос зэрэг хүний биед тустай ферментүүд агуулагддаг. Хүний биед сүү нэг цагийн дотор 30 хувь шингэдэг бол тараг бүхлээрээ шингэдэг байна.
Дэлхийд анх удаа исгэлэн бүтээгдэхүүнийг Оросын эрдэмтэн Илъя Мечников судалсан. Тэрээр 20 жилийн турш хүний бие махбодийн хөгшрөлтийн шалтгааныг судалж, учрыг нь олохыг хичээсэн гэдэг. Гэтэл хөгшрөлт нь хүний биеийн бүдүүн гэдсэнд байдаг үржээх нянгууд нь биемахбодийг хордуулснаас ихээхэн шалтгаалдаг болохыг олжээ. Энэ нянгуудын хорт нөлөөг, сүүний хүчлийг бий болгож чадах бактерууд устгадаг. Өөрөөр хэлбэл исгэлэн сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг бодис хүний биеийг эрүүлжүүлж байдаг.
Учир нь залуу насны төлөө тэмцэгч лактобацилл болон бифидо бактериуд нь исгэлэн ундааны найрлагад их хэмжээгээр агуулагддаг.
Дэлхийд хамгийн эртний исгэлэн сүүн ундаанууд бол айраг, тараг, хоормог гэдэг. Бүр МЭӨ 5-р зууны үед Скифчүүд нь айраг ихээр хэрэглэдэг байсан учир тэдний бие маш эрүүл чийрэг байсан талаар Геродот тэмдэглэн үлдээсэн байдаг. Улс үндэстэн, ард түмэн бүхэн тараг, айраг йогурт, ацидофилин гэх зэрэг исгэлэн сүүн бүтээгдэхүүн боловсруулах өөр өөрийн уламжлалт аргатай. Тэдгээрийг бэлтгэх арга нь өөр өөр боловч хүний биед үзүүлэх нөлөө ашиг тус яг адилхан. Түүнээс гадна аливаа амьтан болон хүн бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг гэнэ. Энэ нь бусдыг татах хүч болдогийг эрдэмтэд нотолсон. Энэ үнэр ямар байх нь хүний бүдүүн гэдсэн дэх бичил биетүүдийн эмх цэгцтэй хийгээд эмх цэгцгүй байдлаас хамаардаг. Тэгвэл энэ дур булаам байхын нууц болсон микрофлорыг хэвийн хэмжээнд байлгахын тулд исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг ихээр ууж байх хэрэгтэй юм. Тиймээс та исгэлэн сүүн бүтээгдэхүүнд хичнээн дургүй байсан ч уух хэрэгтэй. Эрүүл мэнд гоо сайхандаа анхаардаг хэн бүхэн, мөн антибиотик уусныхаа дараа заавал уухыг хоол судлаачид зөвлөж байна. Эрүүлжиж, залуу сайхан байя гэвэл айраг таргаа сайн уугаарай.

No comments:

Post a Comment