Saturday, December 5, 2009

АРЬСНЫ ТӨРЛҮҮД-АРЧИЛГАА

Гадаад мэдээ [sasas] 2009-04-07 11:30:34
АРЬСНЫ ТӨРЛҮҮД-АРЧИЛГАА

ХУУРАЙ АРЬС
Хуурай арьс нь залуу цагт маш сайхан толигор энхрий харагддаг боловч цагийн аясаар бусад хэлбэрийн арьснаас хурдан үрчлээтэж, амархан хогжруутдаг. Гэхдээ бусад хэлбэрийн арьснаас давуу тал нь шилжилтийн насны үед батга гардаггүй тул анхнаасаа арчилгаа авах нь маш сайн. Зарим тохиолдолд хүн төрөхдөө хуурай арьстай төрдөг бол зарим нь таарахгүй гоо сайхны бүтээгдэхүүн буруу хэрэглэсэн явцын дунд үүсдэг. Үүнээс гадна нарны туяаны хэт их үйлчлэл, хүйтэн агаар, салхи, шороо тоос зэрэг гадны нөлөө арьсыг маш ихээр хуурайшуулдаг. Хэрэв та хуурай арьстай бол хоол хүнсэндээ байнга жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, элэг цөцгий, зөөхий, хүнсний ногоо, өөх тос, өндөг түлхүү хэрэглэнэ. Мөн витамины курс эмчилгээ хийлгэж, ялангуяа А витаминыг хоолны өмнө өдөрт 3 удаа ууна. Нэг эсвэл бүтэн хагас сар үргэлжлүүлж уувал үр дүн мэдрэгдэнэ. Хуурай арьс нь амархан хөгширдөг учир арчилгаа их шаарддаг. Харин арчлахдаа ямар ямар зүйлийг хориглох талаар хүргэе. Тухайлбал хлортой усны үйлчилгээ, хэт ягаан туяаны үйлчилгээ, жимсний хүчил болон найрлаганд нь ийм хүчил орсон крем хэрэглэх, арьсаа спиртээр, үнэртэй усаар цэвэр глицеринээр, одеколоноор арчихыг бүр хориглоно. Хуурай арьсны хувьд хамгийн чухал нь тэжээл чийгшүүлэлт байдаг учир хэрэгтэй бодисыг нөхөж байнга арчилж бай. Тэжээлийн тос байнга хэрэглэн нүүрээ угаасны дараа чийгтэй арьсан дээрээ заавал тос түрхэж байгаарай. Тэжээлийн тосноос гадна тэжээлийн болон витаминлаг маскийг 7 хоногт 2-3 удаа тавьж болдог. Мөн тослог жин сайн нөлөөтэй. Арьсыг зөв арчилсанаар хуурай байдал нь аажмаар чийглэг болж улмаар хэвийн арьсны хэлбэрт шилжиж болдог.

ТОСЛОГ АРЬС
Тослог арьс нь гялалзсан, шар үсний нүх нь өргөссөн харагддаг. Хуурай арьсыг бодвол зузаан бүтэцтэй байдаг учир хөгшрөлт удаан явагддаг. Арьсны тослогжилт ихэвчлэн өсвөр насны үед түгээмэл илэрдэг нь бэлгийн хөгжлийн үед өөхний булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж, тосны ялгаруулалт ихэссэнтэй холбоотой. Энэ нь батганд өртөх гол хүчин зүйл болдог. Зарим тохиолдолд арьсны тослог байдал удаан жил хадгалагддаг учир зөв арчилж сурах хэрэгтэй.
Тослог арьсыг өдөрт 2-3 удаа өглөө, орой савантай бүлээн усаар угаана. Мөн усны оронд таргаар угаах эсвэл 1:1 харьцаагаар устай хольсон нимбэгний шүүсээр арчиж болдог. Нүүрээ угаасны дараа арьсыг хаттал арчиж, гэрийн нөхцөлд хийсэн өргөст хэмхний шүүс эсвэл спирт агуулсан зориулалтын тоникоор арчиж цэвэрлэнэ.

ЕРДИЙН АРЬС
Ердийн арьс нь ямар нэгэн асуудалгүй байдаг. Ийм арьстай хүнд ихэвчлэн дотоод өвчлөл, бэлгийн бойжилт эсвэл буруу арчилснаас арьсны асуудал үүсдэг. Харин ердийн арьс нь мэдрэмтгий байж болдог. Ийм төрлийн арьсыг арчлах нь цэвэрлэх, тослогийн балансыг хадгалах. Ердийн арьс нь усанд их тэсвэртэй, гэхдээ хэт их мэдрэмтгий бол сүүг 1:1 харьцаатай устай хольсон бэлдмэлээр угаавал сайн. Өглөө угаахдаа саван хэрэглэхгүй, буцалгаж өрөөний температурт хөргөсөн усаар зөөлөн шавшиж угаагаарай. Харин орой угаахдаа саван хэрэглэж болно.

ХОЛИМОГ АРЬС
Холимог хэлбэрийн арьс нь бусад арьсыг бодвол нилээд их байдаг. Ийм арьсыг арчлахад хамгийн төвөгтэй төдийгүй бага зэрэг хүндрэлтэй. Учир нь арьсаа хэсэг хэсгээр нь буюу хуурай, тослог арьс арчилгааны бүтээгдэхүүн зэрэг хэрэглэгддэг. Гэхдээ та ямар ч төрлийн арьстай байсан гоо сайхны нэгэн дүрмийг марталгүй санаарай. Арьсыг нэг төрлийн бүтээгдэхүүнээр арчлах тусам дасал болж сүүлдээ үйлчилгээ нь суларч эхэлдэг тул бүтээгдэхүүнээ сольж хэрэглэж байх нь зүйтэй.

No comments:

Post a Comment