Wednesday, November 18, 2009

Хөмсөг, сормуусыг хэрхэн арчлах вэ?



Өтгөн, дэрвийсэн урт сормуус нүдийг тодотгож, сайхан харагдуулдаг. Тэгвэл сормуусыг хэрхэн арчлах ёстой вэ? Орой унтахаасаа өмнө багахан наранцэцгийн тосонд 1-2 дусал А витаминыг хольж сормуусыг дээш нь үзүүр хүртэл зөөлөн сойзоор самнаж иллэг хийвэл унаж, хугарахгүй сайхан ургадаг.

Сормуусыг будахад учир бий.
Ихэнх охид сормуусыг хэрхэн зөв будах ёстойг мэддэггүй. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар нүдээ аниад сормуусыг угнаас үзүүр хүртэл, дараа нь нүдээ нээгээд доороос нь дээш чиглэлд будах ёстой аж.
Будагаа хатсаных нь дараа зориулалтын сойзоор самнаж бөөгнөрсөн будагийг арилгаж, хоорондоо наалдсан сормуусыг салгана. Зөвхөн дээд сормуусыг будахад л таны нүдийг том сайхан харагдуулна.

Шар үстэй хүнд хар сормуусны будаг зохихгүй.

Тиймээс хүрэн, цэнхэр, мөнгөлөг саарал будагийг нүднийхээ будагтай хослуулаарай.

Нүдний хэлбэрийг засахад хэрэглэгддэг зүйлийн нэг нь нүдний харандаа юм. Зовхины харандаа зөөлөн, бас нүдэнд гаж нөлөө үзүүлдэггүй байх ёстой. Дээд, доод зовхины дотор хэсэгт контур буюу хүрээ тавина. Дараа нь сормуусны ирмэгээр хүрээлнэ. Дээд зовхийг хүрээлэхдээ үзүүрийг нь ялимгүй өргөж өгч багсаар тараахад хүрээ нь өргөн болж нүдний хэлбэрийг тодруулж өгнө.

Ихэнх бүсгүй нүд болон нүүрний будагийг савандаж угаан арилгадаг.

Энэ нь тун буруу. Сормуусыг хугарч унахад хүргэдэг. Хэрвээ будаг тань нүдэнд гаж нөлөө үзүүлбэл эдгэртэл нь хэрэглэж болохгүй. Будагаа солих хэрэгтэй.
Будагийг зориулалтын арилгагч шингэн /лосьон/ буюу сүүн шингэнээр арилгана. Туслах багаж болох үзүүрт нь хөвөн ороосон зориулалтын савхыг сүүн шингэн буюу лосьонд дүрж яг будсан шигээ эргүүлэх хөдөлгөөнөөр арилгана.

Зориулалтын хиймэл сормуус байдаг ч үүнийг өдөр тутам хэрэглэхэд зохимжгүй.

Сормуус нүдийг тодотгодог бол хөмсөг ч бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Юуны өмнө хөмсөгөө засч, будахын өмнө толинд харж, царайныхаа хэлбэрийг сайн ажиглаарай. Учир нь хүний царайны хэлбэр өөр өөр байдгаас хөмсөгний хэлбэр, нүд, уруул, царайны хэлбэртэй тэр бүр зохицдоггүй.

Залуу бүсгүйчүүдийн хувьд

 хөмсөгөө хэтэрхий урт, эсвэл хэтэрхий дугуй, нум нь хэтэрхий унжсан засалт, мөн тод будалт хөгшин харагдуулдаг. Дугуй царайтай, шанаа томтой хүнд өргөн засалттай хөмсөг зохидоггүй. Учир нь ийм засалт нүүрийг улам өргөн харагдуулдаг. Харин зуйвандуу царайтай хүнд өргөн хэрнээ илүү хотойлгосон, эсвэл дугуйрсан засалт тохиромжтой.

45-аас дээш насныхныг нарийхан, бага зэрэг өргөсөн засалт аятайхан харагдуулдаг.

Илүүдэл үсийг (бидний хэлж заншсанаар зэрлэгийг) хусч хэрхэвч болохгүй.
Учир нь хөмсөгний үс хайш яаш ургаж, мөн арьс хөхөрдөг байна. Үүний оронд зориулалтын хөмсөг зулгаагч, чимхүүрийг хэрэглээрэй. Зэрлэгийг зулгаахын өмнө багаж, гараа спиртээр арчиж, зовхиндоо зузаан тос түрхээд, ургалтын дагуу зулгаадаг.

Хэрвээ та хөмсөгөө жигд ургуулъя гэвэл

орой бүр зөөлөн үстэй, цэвэр сойзонд тэжээлийн тос түрхээд самнаж заншаарай.
Мөн тосон жин тавьж болно. Ургамлын тосыг бага зэрэг халаагаад хөвөнд шингээж ширхэгийн дагуу 10-15 минут тавина. Дээр нь уудаг цаас тавьж илүүдэл тосыг авна.

Хөмсөгөө будахдаа үснийхээ өнгөтэй уялдуулж өгдөг.

 Будалтыг үсний ширхэгийн дагуу хөнгөн дарж хийнэ. Хэзээ ч тод, өргөн будаж болохгүй. Учир нь хөмсөгийг хиймэл мэт харагдуулдаг. Хэрвээ богинохон, шингэн хөмсөгтэй бол эхлээд зөөлөн харандаагаар хэлбэр гаргаад, дараа нь хатуу харандаагаар тодруулж, сойзоор жигд тарааж өгнө.
Эцэст нь, бусдын хөмсөгний харандаа, сойз, сормуусны будагийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

No comments:

Post a Comment