Thursday, December 17, 2009

Гоо сайхан байхын нууц

Ямар ч өөгүй, гоё сайхны тухай ойлголт тун ч харьцангуй юм. Зарим хүний бүх эрхтэн сайхан зөв, тэгшхэн юм шиг атлаа гоо сайхныг нь гайхан шагшмааргүй тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ.

Муухай эмэгтэй хүн гэж ерөөс байхгүй ч энэ нь өөрийн алхаа гишгээгээ засч,
биеэ хэрхэн арчилж тордож, ахуй ажил дээрээ биеэ зөв авч явах, хувцас, гоёл чимэглэл, будаг шунх зэргээ зөв сонгох чадвар зэрэг маш олон жижигхэн мэт авч таныг бүхэлд нь ямар хүн бэ? гэдгийг хоромхон төдийд л илэрхийлэх дээрх “нууц”-уудаас шалтгаалах нь дамжиггүй.
Өөртөө байнга анхаарал тавьж өөрийгөө арчилж тордох хэрэгтэй. Архи тамхинаас эхлээд гоо сайхан болоход тань тусыг үл өгөх зүйлсийг хэрэглэлгүй, хоолны дэглэмийг баримталж зөв хооллож сурахад илүүдэхгүй.
Дасгал хөдөлгөөн хийж, цэвэр агаарт явган явах, цонхоо онгойлгоод ханатлаа унтаж амрах, өглөө оройдоо шүршүүрт орох юм уу, нүүр хүзүүгээ өглөөд хүйтэн усаар угааж, усанд орохдоо биеэ сайтар үрж арчин биологийн идэвхит цэгүүдээ сэргээн өөрийгөө чийрэгжүүлж, эрүүлжүүлэх нь таны урт удаан наслах, гоо сайхан байхад дөхөм болно.
“Цаг хугацаанаас илүүтэй гуниг зовлон хүнийг эрт хөгшрүүлнэ” гэсэн үг байдаг шүү дээ. Өчүүхэн жижиг зүйлээс болж бие сэтгэлээ зовоолгүй, аливаа таагүй зүйлсийг амархан мартаж, тоохгүй өнгөрөөж сурах, биеэ авч явах хийгээд сэтгэл санаагаар орчин тойрондоо баяр баясгаланг түгээж, амьдралыг өөдрөгөөр харах шиг сайхан зүйл гэж үгүй.
Муухай ааштай, эелдэг бус зан авир, харилцаа тань байгалиас заяасан гоо сайхныг тань гутаахын дээдээр гутааж ойр дотныхонд тань ч таатай бус байх нь тодорхой. Инээмсэглэл гэдэг хүнд нарлаг тэнүүн сэтгэгдлийг төрүүлдэг юм шүү!
Үүнээс гадна, өөрийн дуу хоолойндоо ч анхаарахад гэмгүй. Хахир чанга дуу, хараалын ёс бус үг хэллэг хүнд таатай сэтгэгдлийг төрүүлэх бус таны соёлын доогуур түвшинг илэрхийлдэг. Сайхан хүнд байх зайлшгүй нэгэн чанар бол яаралгүй, тайван, зөөлөн намбалаг дуу хоолойгоор, хамгийн гол нь цэгцтэй, өөрийгөө илэрхийлж чаддаг байхаас гадна хүнийг сонсож сурах чадвар юм шүү дээ.
Найз нөхөд, хамт олныхоо дунд биеэ зөв авч явах нь мөн л “сайхан” гэх тодотголд ордог байх юм. Даруу бөгөөд эелдэг, тэвчээртэй, аливаад сайхан сэтгэлээр ханддаг, эе эвийг хичээдэг байх хэрэгтэй. Хүнийг үнэхээр үнэн сэтгэлээсээ хүндэлж чадвал дотоод сэтгэлийн ямар их соёлтойг харуулахаас гадна өөрийгөө хүндлүүлнэ гэсэн үг.
Биеэ барьж чаддаггүй, дургүйцлээ юм болгон дээр илэрхийлдэг, бусдыг үл тоомсорлон их зан гаргадаг, юм болгоныг голж шилдэг, ёс бус үг хэллэг хэрэглэх зэрэг бүдүүлэг зан авир гоо сайхан бүсгүй танд огтхон ч зохихгүй.
Мода даган хэт туйлшран өөртөө зохимжгүй хувцаслахаас зайлсхийх хэрэгтэй.
Эр хүн бүр хайртай хүнийхээ, эхнэрийнхээ үнэхээр сэтгэл татам гоо сайхныг мэдрэх эрмэлзлэлтэй байдаг учраас будаг шунхаа тохируулж хэт будалгүй, будсан ч будаагүй мэт өөрийн гоо сайхныг дөвийлгөн зөөлөн аядуу будах нь зүйтэй.
Гоо сайхны мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хэт эцэнхий байхаас татгалзаж, өөртөө тохирсон махтай байх тал дээр анхаарах хэрэгтэй. Долоо хоногийнхоо нэг өдрийг зөвхөн жимс жимсгэнэ, шүүс, ногоо, зуушаар хооллоход зориулаарай.
Нойр бол эрүүл энхийн нэгэн үндэс болохоос гадна гоо сайхан байхын нэг илрэл учраас ханатлаа унтаж амарч байгаарай.

No comments:

Post a Comment