Thursday, November 19, 2009

эх орон

-Харин Засаг дарга асан Б.Батнаран, ИТХ-ын дарга асан С.Энхболд нар хуулийн цоорхойгоор ял завшив-
Дархан-Уул аймгийн Хонгор суманд химийн хорт бодист хордсон эсэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж үүнтэй холбоотой шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын хоёрны өдрүүдэд Хонгор суманд үргэлжилсэн байна. Шүүх хурлын явц байдал болон үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөр өмгөөлөгч Ц.Монгол өчигдөр сэтгүүлчдийг урьсан юм. Тус шүүх хуралд хохирогчоор 236 иргэн, иргэний нэхэмжлэгчээр Хонгор сум болон Дархан-Уул аймгийн Засаг дарга нар оролцох байсан хэдий ч төрийн төлөөлөгчид шүүх хурлыг үл хүндэтгэн хуралд оролцоогүй гэнэ. Хонгороос хордоод нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байсан П.Аръяа гэдэг эмэгтэйг үе мөчний архаг өвчтэй найдваргүй гээд өчигдөр эмнэлгээс гаргахаар болсон байна. Хонгорын иргэдээр далимдуулж төрийн албаныхан мөнгө халааслаад байгааг ч тэрбээр хэлсэн юм. Засгийн газраас тус сумын иргэдийн эрүүл мэндэд нь зориулж 130 сая төгрөг төсөвлөсөн боловч дээрх мөнгөөр Клиникийн нэгдүгээр эмнэлгийн эмч Болд гэгч “Монголчууд эрүүл амьдрах ухаан” нэртэй номыг хэвлүүлэн тарааж яваа аж. Ном тарааж байгаа эмнэлгийн ажилчид “Та нарын өвчин эдгэнэ, та нар хордлого биш хортой гээд толгойдоо. бодчихоод байгаа учраас эдгэхгүй байна. Санаа сэтгэлээ тайвшруулж Хийморийн сан тавиулж, сан сэржим өргүүлж суудлын засал хийлгэж, сэтгэлийн засал амьдрах ухааны талаар лекц уншуул” гэж сургамжилж яваатай тэрбээр тааралдсан байна. Түүнээс шүүх хурлын талаар тодруулж ярилцлаа.
-Шүүх хурал өндөрлөлөө. Шүүх хурлын дүгнэлт юу гэж гарсан бол?
-Хонгор сумын төвд химийн онц аюултай хор болох цианид натри болон мөнгөн усаар хордсон гэх асуудлаар өнгөрсөн оны тавдугаар сарын 2-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн, Шүүх хурал гурван хоног үргэлжилж дууслаа. Хятад улсын иргэн Чин Мин Жин, Ша Мий Ли, Ге Зен Гү нарын хүмүүсийг 6.6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх болсон. Харин алт угаах үйл ажиллагаа явуулж байсан “Мич” компанийн захирал, Б.Батболдод долоон жилийн хорих ял оноосон бол химийн хорт бодис нууцаар улсын хил нэвтрүүлж байсан ээж, хүү Г.Тунгалаг, Х.Оргил нарт торгох арга хэмжээ авлаа.
-Шинжилгээ хийсэн олон улсын шинжээчид болон манай эмч нар арьсны эмгэг гэж үзээд байсан. Шүүх ямар баримтад тулгуурлан хордсон шийдвэрийг гаргав?
-Нотлох хангалттай баримт байгаа. Энэ тухай яригдаж эхэлснээс хойш Засгийн газраас 160 сая төгрөг гарган хөрсний хорыг саармагжуулж, хүмүүст эмчилгээ хийсэн гээд байгаа. Хордоогүй хүмүүст ямар эмчилгээ хийх билээ. Мөн одоо хэр нь Хонгорын ундны усыг гаднаас зөөж байгаа. Ус нь хордоогүй юм бол яагаад гаднаас усаа зөөсөөр байгаа юм. Хордсон болохыг нь УМХГ-ынхан ч тухайн үедээ хэлж байсан. 1200 хүнд шинжилгээ хийхэд 700 хүн нь хордсон гэсэн шинжилгээний хариу баримттай байгаа.
-Шүүх хуралд хуулийн засалтаас болоод хүндрэл учирсан уу, эдгээр хохирогчдод тохирсон шийдвэр нь гарч чадав уу?
-Энэ хүмүүст тохирсон шийдвэр гарч чадаагүй ч гэсэн хохирлоо нэхэмжлэх эрх нь тодорхой болсон. Мөн Хонгор сум хордсон гэдэг асуудлыг тогтоосон, албан тушаалтан, хариуцлагаас мултруулсан нь УИХ-тай холбоотой. Төрөөс томилогдсон албан тушаалтнуудын хайнга хандсаныг шүүхээс тогтоогоод байхад буруутай этгээдээс хохирлоо нэхэх эрхийг боож байгаагаараа маш их хор хохиролтой зүйл болсон. Шүүх хурлаар 236 хохирогчийн хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Гэхдээ үүнд нэг хүндрэлтэй зүйл байна. 2007 оны тавдугаар сараас хойш Хонгорын иргэдийн бие муудах үедээ үзүүлж байсан тухай эмчийн бичиг тогтоосон онош, мал нь олноороо үхэхэд юунаас болоод яагаад үхэв гэсэн акт ерөөсөө байдаггүй юм байна. Тийм бичиг ч хийж өгч байгаагүй учраас нэхэмжлэх гэхээр баримт байхгүй байгаа. Иргэд эдийн засгийн хувьд үнэхээр хүнд байна. Шүүх хурлаас эдгээр иргэдийн эрхийг нээлттэй үлдээсэн нь чухал асуудал. Хонгор сумын иргэдийн эдийн засаг эрүүл мэндийн асуудлыг тогтооход маш хүнд байгаа. Би өнөөдөр шүүх хурлаас нэг юм анзаарсан. Энэ хүмүүсийн эрүүл мэндэд өвдөөгүй эрхтэн байхгүй байхад энэ нь яг цианид натри мөнгөн уснаас болсон юм уу гэдгийг гаргасан тодорхойлолт нэг ч байхгүй. Хорт бодисоос болоод эрүүл мэнд муудчихсан гэсэн эмнэлгийн зүгээс тодорхойлолт байхгүй. Ийм учраас иргэний шүүхэд хандахад хэцүү. Мөн мал, амьтан их хэмжээгээр үхэж, элдэв төрхтэй төл гарсанд юунаас болж үхсэн ямар шалтгаанаар ийм төл гарчихав гэсэнд цианид мөнгөн уснаас болсон гэж бичсэн ганц ч акт байгаагүй. Тэгэхээр яг одоо иргэд миний мал хордоод үхчихсэн юм шүү гэж хэлэх үндэслэлтэй бичиг баримт байхгүй болчихоод байгаа. Гэхдээ ийм маргаангүй тогтоогдсон асуудалд Засгийн газар яаралтай арга хэмжээ авч хүмүүсээ эрүүлжүүлэх, нөхөн олговор олгох ажилдаа шуурхай ороосой гэж хэлмээр байна. Мөн тариа ногооны талбайг нь хортой гээд хаачихсан. Хаврын тариалалт эхэлж байгаа энэ үед иргэд хүлээлтийн байдалтай болчихсон байна.

No comments:

Post a Comment