Friday, October 30, 2009

ГАХАЙН ТОМУУГААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ ТОО 473 БОЛООД БАЙНА

Гахайн томуугийн халдвар өдрөөр нэмэгдэж, хүрээгээ ч тэлсээр байна. Өнгөрсөн шөнө 81-ээр халдвар авсан хүний тоо нэмэгджээ. Мөн хөдөө орон нутгийн 11-н аймагт өвчний вирус илэрсэн. Нэгэнт H1N1 вирусээр үүсгэгдсэн гэдэг нь тогтоогдсон учраас одоо эмнэлэгт хандаж байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулах гэж цаг алдахгүй байхаар эрүүл мэндийн байгууллага шийдвэрлээд байгаа юм байна.

Хоногт 81-н хүн шинээр халдвар авч одоо улсын хэмжээнд гахайн томуугаар өвчилсөн хүний тоо 473 болоод байна. Хөдөө орон нутагт цар тахлын хүрээ газар авч 11-н аймагт бүртгэгджээ. 60 хүн аймагтаа мэргэжлийнхний хяналтан доор эмчлүүлж байна.
Хууч өвчтэй, сул биетэй хүмүүст илүү хүнд тусч байгаа ханиадны эсрэг эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ханиадны анхны тохиолдол илэрснээс хойш 4-6 долоо хоногийн хугацаанд дэгдэлт нийтийг бүхэлд нь хамарч тархалт эрчимтэй явагддаг болохыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон. H1N1 вирусээр үүсгэгдсэн ханиад гэдэг нь олон удаагийн шинжилгээгээр гарсан учраас одоо эрүүл мэндийн байгууллагууд арга хэмжээнийхээ дараагийн шатанд шилжжээ.
Улсын хэмжээнд эмний хангалт бүрэн хийгдэж дуусаж байгаа юм байна. Ирэх сарын 9-н гэхэд эхний ээлжийн вакцин замдаа хөдөлнө. Дэгдэлтийн хурц 7 хоног үргэлжилж байгаа учраас улсын хэмжээнд өндөр халуунтай, халдвар авсан хүнийг шууд хэвтүүлж эмчлэх бодлого баримталж байна.
Бэлтгэсэн сурвалжлагч Д.Болормаа

No comments:

Post a Comment