Monday, December 7, 2009

Тодорхойлолт захиа хэрхэн авах вэ?

Тэтгэлэг авахад чухал үүрэг гүйцэтгэдэг Recommendation Letter (Reference Letter ч гэж бас нэрлэдэг)-г хэрхэн бичих, юуг анхаарах талаар зөвөлгөө, мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ.
Тодорхойлолт захиа ихэвчлэн сургуульд элсэх гэж байгаа эсвэл шинэ ажилд орох гэж буй хүмүүст хэрэгтэй болдог. Тодорхойлолт захиа гэдэг нь нэг талаас таныг бусад хүмүүс тодорхойлсон албан бичиг боловч нөгөө талаас та өөрийнхөө бусдаас ялгарах давуу, онцлог талуудаа уншигч хүнд танилцуулж байгаа явдал учир сайн бодож, төлөвлөж хийх хэрэгтэй. Манай их дээд сургуулиудад элсэхэд “элсэлтийн шалгалт” гэсэн нэртэй дан ганц оюуны чадавхийг дүгнэсэн шалгалтад тулгуурладаг. Гэтэл барууны өндөр хөгжилтэй орнуудад, тухайлбал АНУ, Англи, Австрали зэрэг орнуудын сургуулиуд сурлагын дүнгээс гадна тухайн хүний зан байдал, удирдах чадвар, багаар ажиллах чадвар, хувийн зохион байгуулалт зэрэг хувь хүнийг тодорхойлсон чадваруудыг ундэслэж элсүүлэх, мөн ямар нэгэн санхүүгийн тэтгэлэг олгох эсэхээ шийддэг юм.

Ихэнх сургуульд хандахад бакалаврын зэрэгт бол 1-2, мастер, докторын зэрэгт элсэн ороход 2-3 захиа шаарддаг. Ихэнхдээ сургууль бүр өөрийн гэсэн захианы загвартай байдаг, бас тодорхой дүрэм журмын дагуу тэр мэдээллийг явуулахыг шаарддаг. Тухайлбал, тодорхойлолт гаргуулж буй нэр дэвшигч тэр захианд юу бичигдсэнийг өөрөө унших эрхгүй байх гэх мэт. Учир нь энэ нь тодорхой хэмжээнд ёс суртахуун, хувийн бодол, бас бусад мэдээллийн нууцлалтай холбоотой байдаг. Тодорхойлолт захиаг тодорхойлолт бичсэн хүн нь өөрөө тухайн сургуульруу явуулах, эсвэл оюутанд дугтуйнд хийгээд гарын үсэг зурж битүүмжилж өгөхийг шаардах нь бий. Тиймээс тодорхойлолт бичүүлж байгаа хүндээ урьдаас бэлтгэсэн шуудангийн зардлыг нь төлсөн дугтуйг бэлтгэж өгөх хэрэгтэй байдаг.


Ихэнх тохиолдолд 3 төрлийн тодорхойлолт захиа шаарддаг:
1. Academic Letter буюу сургуульд сурч байсан байдлын тодорхойлолт. Энэхүү захиаг таньп өмнө нь хичээл зааж байсан, эсвэл сургалтын зөвөлгөө өгч байсан, судалгааны ажлууд дээр хамтарч ажиллаж байсан багш нар, ер нь таны оюуны чадавхи, суралцах чадвар зэргийг чинь сайн тодорхойлж чадах хүн байх хэрэгтэй.
2. Employment Letter буюу ажил эрхэлж байсан байдлын чинь талаар тантай хамт ажиллаж байсан, өөрийг чинь сайн мэдэх хүний тодорхойлолт юм. Энэ нь бакалаврын дараах сургалтууд буюу дипломын, мастерын, докторын сургалтанд хандаж буй хүмүүст чухал байдаг. Учир нь сургууль ажлын туршлагатай, судалгааны ажил хийхэд онол, практикийг хослуулж, үр бүтээлтэй ажиллах чадвартай хүнийг элсүүлэхийг хүсдэг.
3. Professional Letter буюу хамт ажилладаг, эсвэл өөрийг тань мэргэжлийн түвшинд үнэлж чадах, сайн мэдэх хүний захиа. Гэхдээ энэ нь таны өөрийн найз эсвэл хамаатны хүн байх нь зохимжгүй бөгөөд тухайн харилцаанаас шалтгаалж мэдээллийн үнэн бодит байдал алдагдахад хүрч болдог.
Захиаг хэрхэн бичих талаар өгсөн журмыг сайн мөрдөх хэрэгтэй. Хичнээн сайн захиа байсан ч тухайн сургуулийн шаардсан байдлаар бичээгүй бол хулээн авахгүйгээс гадна өргөдлийн бичиг баримт дутуу гэж тооцогдож сургуульдаа орж чадахгүй, тэтгэлэг авч чадахгүй болох явдал гарч болох тул анхааралтай, хариуцлагатай хандах хэрэгтэй. Тодорхойлолт авах гэж байгаа хүн чинь зав муутай байдаг учир захианд хэрэг болж магадгүй мэдээллийг урьдчилаад хангаж өгч болно. Үүнд дараах мэдээллүүд орвол сайн.


• Резюме эсвэл Curriculum Vitae буюу CV. Үүнд боловсрол, ажлын туршлага, хэлний болон компьютерийн чадвар, сонирхол, шагнал урамшуулал, олон нийтийн байгууллагын гишүүнчлэлийн байдал зэрэг мэдээлэл ордог
• Төгссөн сургууль, мэргэжил, авч байсан дүнгийн жагсаалт
• Мэргэжлийн, сайн дурын дадлага, судалгааны ажил хийж байсан эсэх
• Төсөл хэрэгжүүлж байсан эсэх, тийм бол тэрний талаарх мэдээлэл
• Илтгэл тавьж байсан бол илтгэлийн талаарх мэдээлэл, илтгэлийн хуулбар
• Шагнал урамшуулал, тэтгэлэгт хамрагдаж байсан эсэх
• Мэргэжил, ирээдүйн зорилго, мөрөөдөл
• Сонирхол, хичээл, ажлаас гадуур хийдэг зүйлс
• Ямар сургуульд хандаж байгаа талаар, яагаад тухайн сургуулийг сонгосон тухай
• Тухайн тодорхойлолтыг явуулах хамгийн сүүлийн хугацаа
• Тодорхойлолт бичих дүрэм зааврыг хавсаргах зэрэг мэдээллийг тухайн захиа бичиж байгаа хүндээ өгвөл тэр хүний ажлыг илүү хөнгөвчилж өгнө гэсэн үг. Тэр хүн таны тухай бугдийг мэдэж байгаа гэж бодож болохгүй. Захиа авах хүсэлт, мэдээллээ 2-3 долоо хоногийн өмнө өгөх хэрэгтэй, мөн утсаар эелдэгээр сануулж байвал зүгээр.


Тодорхойлолт бичүүлэх хүнээ зөв сонгох хэрэгтэй. Та бусдаас юугаараа ялгарах вэ, ямар хүн бэ гэдэг чинь энэ захианаас харагдах учир сайн тодорхойлолт өгч чадахгүй хүнийг сонговол та өөрөө л хохирно. Тиймээс таныг сайн мэдэх, бас бичгийн соёл сайтай хүнийг сонгох хэрэгтэй. Ерөнхийдөө тодорхой хэмжээнд
нийгэмд байр сууриа эзэлсэн, нэр хүндтэй хүн байвал захианы хүчийг нэмэгдүүлдэг талтай.


Тухайн хүндээ ямар сургуульд хандаж байгаа, ямар тэтгэлэг хүсч байгаа зэргээ тайлбарлаж, ямар зүйлс дээрээ анхаарах вэ гэдгийгээ сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Өөрийнхөө талаар сайн юм бичихдээ ерөөс ичих хэрэггүй, ичлээ гээд та юунд ч хүрэхгүй, ямар ч ашиггүй. Гэхдээ хий хоосон, үндэслэлгүй магтаал бичих нь бас утгагүй.
Зарим хүмүүс “Өөрөө бичээд ир, гарын үсэг зураад өгье” гэж хэлж магадгүй. Битгий гайхаарай! Хэрэв ингэсэн тохиолдолд даруу зан гаргалгүйгээр дараах зүйлсийг бичиж болно.
• Өөрийн авьяас чадвар, бусдаас ялгарах чанарууд. Тухайлбал цаг барих, удирдах чадвар, найдлагатай байдал, чөлөөт сэтгэхүй зэрэг олон зүйлс орж болно
• Амжилт, ололтоо хоосон магталгүйгээр илэрхийлэх
• Тухайн нөхцөлд таарсан сайн чанар, авьяасаа бич. Гэхдээ аль болох үг үсгийн алдаагүй, мэргэжлийн түвшинд бичих хэрэгтэй.
Ийнхүү бичсэн захиаг тань өөрчлөөд гарын үсэг зурах байдлаар зарим хүмүүс бичихийг хүсдэг. Ингэх нь ч хялбар, гэхдээ тухайн хүний санааг сайн оруулж чадахгүй гэдгээрээ дутагдалтай болдог. Хэрэв захиа бичиж өгөхийг асуухад эргэлзсэн байдалтай байвал эелдэгээр баярлалаа гэж хэлээд өөр хүнд хандах хэрэгтэй.


Тодорхойлолт захиа ерөнхийдөө 3 хэсгээс бурдэж болно:
Introduction. Энэ нь захианы эхний хэсэг бөгөөд тодорхойлолт гаргаж байгаа хүн нь өөрийгөө товч танилцуулаад нэр дэвшигчийг хэр удаан мэдэх, түүний талаар өөрийн ерөнхий бодлоо бичнэ.
Body. Захианы гол хэсэг буюу нэр дэвшигчийн бусдаас ялгарах нэг сайн талыг дурьдаад түүнийгээ жишээгээр тайлбарлана. Сайн чанаруудаа хамгийн чухлаас нь эхлэн дэс дараалалтай бичнэ.
Conclusion. Тухайн сургуульд, эсвэл тэтгэлэгт нэр дэвшигч нь тохирох хүн гэдгийг батлан хэлж, илүү мэдээлэл авахыг хүсвэл холбоо барихыг хүснэ. Гарын үсэг зурахаа мартаж болохгүй.
Захиа бичсэн хундээ утсаар, и-мэйлээр, эсвэл шуудангаар баярлаж талархсанаа заавал илэрхийлэх хэрэгтэй. Ингэснээр та тэр хүний цаг, хөдөлмөрийг үнэлж, мөн цаашид ч тодорхойлолтоо бичүүлэхэд дөхөмтэй болно. Захианы хэмжээ 1-2 хуудас байхад болно. Хэтэрхий нуршуу эсвэл хэтэрхий богино байж болохгүй.


Тодорхойлолт захианд гардаг нийтлэг алдаанууд:
• Үг, үсэг, найруулгын алдаа. Захиа бичсэн хүнийг дүгнэдэггүй ч гэсэн алдаа мадагтай захиа уншигчид таны талаар сайн төсөөлөл хүргэхгүй л болов уу.
• Хоосон магтах. Үндэслэлээ бичихгүйгээр магтвал магтаалын сайхан үгсийн цуглуулга л болж хувирна. Хүний сайн талыг давамгай бичихээс гадна тухайн сургуульд ороод сурч болох, өөрийгөө хөгжүүлэх боломжтой зүйлсийг эерэг уур амьсгалаар бичих хэрэгтэй. Энэ захиагаар таныг таньж мэдэж, дүгнэх гэж байгаа учир аль болох өөрийн тань онцлог, давуу талыг харуулсан жишээ , хувийн түүх зэргийг оруулах хэрэгтэй. Хүний сэтгэлд үлдмээр бичвэл олон мянган нэр дэвшигчдээс ялгарна гэдгийг анхаарах хэрэгтэй.
• Буруу хүн сонгох. Хүн олдохгүй болохоор нь тухайн зорилгод нийцэхгүй хүнээр бичүүлдэг, тэр нь захианы чанарыг муутгах тал түгээмэл.
Тодорхойлолт захиа бичихдээ дараах зүйлсийг анхаарна уу:
• Тодорхойлолт бичих хүн тань таныг сайн мэддэг, сайн бичдэг байх хэрэгтэй
• Тодорхойлолт гаргагч нь тухайн зорилгод тохирсон байх. Тухайлбал, англи хэлний чиглэлээр тэтгэлэг хүсч байгаа хэрнээ биологийн багшаас тодорхойлолт авах нь зохисгүй
• Захианыхаа хувийг авах хэрэггүй. Тодорхойлолт бичсэн хүн чинь өгье гэсэн ч авахгүйгээр, шууд тухайн хүнээс сургуульруу илгээсэн байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Учир нь уншиж байгаа хүн тань тухайн тодорхойлолтын үнэн бодит байдал дээр эргэлзэж эхлэх талтай.
• Таныг сайн мэддэг болохоо жишээ, хувийн түүх, баримтаар батлах. Ер нь өргөдлийн маягт, резюме дээр байхгүй мэдээллийг тодорхойлолт захианаас хайж байдаг.
• Хэтэрхий богино, эсвэл бусад шалтгаа¬наар бичсэн, захиагаа тухайн нөхцөлд тааруулах гэж оролдож болохгүй. Мөн нэр дэвшигчийн тухай биш, харин тодорхойлогч, нэр дэвшигч хоёрын харилцааны талаар нуршсан, өнгөрснийг дурдьсан (аль болох одоогийн байдал, ирээдүйн төлөвийг бичих хэрэгтэй) янз¬тай байвал амжилтанд хүрч чадахгүй
• Шүүмжлэл байж болох боловч буруу сэт¬гэг¬дэл төрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Аль болох өсч, дээшлэх боломжтой гэ¬дэг талаас нь бичсэн нь дээр болов уу.



Хэрэв та АНУ-д сурах гэж байгаа бол Монгол, Америк соёлын ялгаа, хүнийг үнэ¬лэх үнэлэмжийг ойлгох хэрэгтэй. Америк¬чууд хувь хүний онцлог, бусдаад ялгарах чад¬вар, юманд шүүмжлэлттэй хандах бай¬дал, бусдыг удирдах чадвар, сайн дураараа нийгэмдээ үйлчилдэг, чөлөөт цагаа бусдын сайн сайхны төлөө зарцуулдаг зэрэг чанаруудыг ихэд үнэлдэг. Тиймээс та уран сэтгэмж, ургуулан бодох чадвараа ашиглан АНУ-ын соёл, сэтгэхүйд тааруулан өөрийгөө танилцуулж чадвал сургуульд тэнцэх, тэтгэлэг авах илүү боломжтой болох юм.
Монгол оюутнуудын хувьд АНУ-д тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, бусдаас ялгарах боломжууд олон байдаг. АНУ-ын их сургуулиуд аль болох олон үндэстэн, олон ургальч үзлийг дэмждэг учир улс улсын оюутнуудыг авахыг хүсдэг, монгол оюутнууд тэр бүр байдаггүй учир өргөдлийн материалуудыг илүү сонирхож уншдаг, анхааран хүлээн авдаг тал ажиглагддаг. Гэхдээ хэдий давуу талтай ч бусдаас ялгарах чадвар, зорилгоо зөвөөр илэрхийлэх нь чухал.
Хөгжингүй буурай буюу Монгол шиг орнуудад тусламж болох зорилгоор санхүүгийн тэтгэлэг олгодог. Гэхдээ тухайн хүний эргэж эх орондоо очих эсэх ирээдүйн зорилго нь хааш чиглэснийг анхааран үздэг. Ихэнх оюутнууд улсын болон сургуулийн тэтгэлгээр сурчихаад АНУ-д үлдэж, амьдрахыг хүсдэг. Гэтэл тэр хүмүүсийн сурсан мэргэжил, мэдлэг нь АНУ-д гэхээсээ өөрийнх нь оронд илүү эрэлт хэрэгцээтэй байдаг. Тиймээс өөрийн зорилго, мөрөөдлөө аль болох Монгол улсынхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө зориулах, Монголд ирээд яг ямар зүйл хийх хүсэлтэй байгаагаа тодорхой хэмжээнд тодорхойлогчоороо дамжуулан ойлгуулах нь чухал. Нөгөө талаас тухайн сургууль танд тэтгэлэг олгосноор та сургууль болон орон нутгийн амьдралд яаж өөрийн хувь нэмрийг оруулах, сургууль таныг авснаар ямар сайн өөрчлөлтүүд болж болох талаар тодорхойлолт захиагаараа дамжуулан ойлгуулах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд тухайн уншигч, сонгох хорооныхон таны тодорхойлолт захиаг уншаад үнэхээр энэ хүнийг авснаар тэр хуний амьдралд маш том эерэг өөрчлөлт гараад зогсохгүй Монгол улсын хөгжилд томоохон хөрөнгө оруулж байгаа гэдгийг ойлгох нь чухал юм. Харин үүнийг гагцхүү таны авьяас л мэдэх хэрэг болов уу

No comments:

Post a Comment