Monday, December 7, 2009

Нүдээ хамгаалах арга

Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад системийн өвчин үүсгэж болдог байна. Нас ахихад хүний хараанд өөрчлөлт ордог бөгөөд нүдний өвчлөл үүсэх магадлал өндөртэй болдог. Зарим нүдний эмгэгүүд тийм ч амар эмчлэгддэггүй боловч шинэ мэс заслын аргууд нэвтэрч байгаа нь тухайн өвчний явцыг удаашруулж, хараагаа сайжруулахаар шил зүүж, контакт линз хийж мөн лазерын хагалгаа болон болор шилжүүлэн суулгах хагалгаа ихээр хийлгэдэг болсон байна.


Нүдээ хамгаалж байх 5 зөвлөгөө:
1. Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрвээ таны холын хараа -4-с илүү муу бол жил бүр нүдний эмчид нүдээ үзүүлж байгаарай.
2. Архаг өвчтэй болохоос сэргийлж бай. Жишээ нь:чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болдог.
3. Доорх гэнэтийн шинж илрэхээс үргэлж урьдчилан сэргийлж бай. Нэг нүд гэнэт харах чадвараа алдах, гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх зэрэг
4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх
5. Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас



Харааны чадвараа сайжруулах 5 арга:
1. Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах
2. Найзуудтайгаа тоо юм уу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох. Бaрьж авахаасаа өмнө бөмбөгөн дээр байгаа тоо юмуу үсгийг харж хэлнэ.
3. Өөрийнхөө эргэн тойронд байгаа 10 зүйлийг дарааллаар нь харж тогтоогоод эргээд дарааллаар нь нэрлэх.
4. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах. Ингэж хараагаа холдуулж ойртуулж байх нь чухал дасгал болно.
5. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх .



Нүдэнд зориулсан дасгалууд
Нүдний дасгал
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

Хараа сайжруулах цогц дасгалууд
Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай



Хараа сайжруулах:
Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна.

Дараа нь
нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харах гэх мэт хамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын хараа муудахаас сэргийлэх:
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэл-дүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгаж амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж 2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж:
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана

No comments:

Post a Comment